Monday, May 16, 2011

Улаан пальтотой бяцхан охин



Хэдэн өдөр өрөөндөө шигдэж суусаар байгаад ядарч тамирдсан би гэдэг хүн багахан ч гэсэн агаар салхитай уулзахаар шийдэн гадагш гарч цэцэрлэгийн сандал дээр ирэн суув. Жижигхэн хар цүнх үүрсэн, улаан өнгийн пальтотой бяцхан охин хажуугаар зөрөх үед яагаад ч юм би тэр охиноос нүдээ огт салгаж чадсангүй. Барагцаалвал зургаан настай байхаар тэр охины чухам яг юу нь миний анхаарлыг ийм ихээр татаж байгааг өөрөө ч ойлгохгүй байсаар зүгээр л түүн рүү тасралтгүй ширтэнэ. Саяхан жиргэж байсан шувууд, жаргалтай мишээж байсан нарны туяа, хөнгөхөн исгэрэх навчсын чимээ бүгд гэнэт л чив чимээгүй болон бүх зүйл нам жим, хорвоо ертөнц тэр аяаараа унтчих шиг санагдана. Эргэн тойрноо ажиглан, уг гэнэтийн үзэгдлийг мэдэх хэрэгтэй мэт санагдавч, надаас холгүйхэн байрлах намхан хашлаган дээр эвтэйхэн гээч нь суугаад өнөөх хар цүнхэн дотроосоо жигнэмэг гарган амтархан идэж суугаа охин анхаарлыг минь соронз шиг л татах нь үнэхээр хачирхалтай. Охин жигнэмэг гартаа атгасаар аажуухан толгойгоо өргөн над руу ширтэхэд гэнэт харц тулгарсандаа цочих шиг болсон ч аль болох тайвнаар түүн рүү хөнгөхөн инээмсэглэхийг хичээв. Харин тэр хариу инээмсэглэлгүйгээр над дээр туссан харц нь шилжин миний хажуу руу харах нь тэр. Яг тэр мөчид хажуугаас минь нэгэн эрэгтэй хүн босоод алхав. Хар өнгийн хослол, хар цамц, хар зангиатай уг залууг яагаад хажууд сууж байсныг огт анзаараагүйдээ гайхсан ч түүний дэлгэн барьсан гүн цэнхэр өнгийн шүхэр улам их анхаарлыг минь татна. Залуу намуухан алхалсаар охины дэргэд ирж суугаад түүн рүү дөлгөөхнөөр инээмсэглэн чихэнд нь ямар нэгэн юм шивнэнэ. Охин анхааралтай сонсохын сацуу надруу харсан харцаа бууруулсангүй, би ч бүүр гайхаж хоцров. Ер нь яг юу болоод байнаа, би энэ хоёрыг таних билүү, тэр хоёр миний тухай ярьж байгааг нь би зөнгөөрөө мэдэрч байсан юм. Өнөөх залуу шүхрээ хураан охины бяцхан гарт атгуулаад над руу харж инээмсэглэмэгцээ тэндээс босоод явмагц охин хашлаганаас өндийн, өнөөх жигнэмэгээ цүнхэндээ буцааж далд хийгээд яг өөдөөс минь чиглэн алхсаар удалгүй урд минь ирж зогсох үед нэг л жихүүдэс айдас төрөөд явчихна тэр.
“Эгч ээ битгий ай, надаас айх хэрэггүй. Саяны ах намайг танд энийг өгөөрэй гэсэн юм” гээд өнөөх хачин цэнхэр шүхрийг надад өгмөгцөө
“Тэгээд бас танд бүх зүйл сайхан болно оо. Таныг дахиж өвдөхгүй гэж хэлүүлсэн” гээд дотноор инээмсэглэнэ. Би бүүр түүний ярьсныг ойлгохыг хичээн толгойгоо гашилгаж суутал охин дээр нэгэн цагаан өнгийн хувцастай бүсгүй ирэн юм асуусан ч түүний яриа надад сонсогдсонгүй. Удалгүй надруу харан нэг юм асуугаад л байгаа бололтой, харамсалтай нь би сонсож чадахгүй байсаар.
“Уучлаарай би таныг огт сонсохгүй байна” гэж намайг хэлэхийг ердөө ч тоосонгүй, охин руу эргэж хараад юм асууж байгаа бололтой, харин охин хариуд нь надад болон тэр бүсгүйд бүх зүйлийн хариултыг хэлж өгсөн юм.
“Сувилагч эгч ээ, энэ эгч энд байхгүй ээ, сая нэг ах ирээд түүнийг аваад явчихсан.” гэж хэлэхэд гэнэт тогонд цохиулах шиг л болов. Би үхчихсэн юм гэж үү, би үхчихсэн юм байна, ердөө л нүд ирмэхийн зуур би үхчихэж гэж бодохтой зэрэгцэн яагаад ч юм асар их тайвшрал, амар амгаланг мэдрэх шиг болов. Бүх бие минь цовоо сэргэлэн, сульдаж ядарсан мэдрэмж өчүүхэн ч алга, ханиалгаж бүгшүүлэх маань ч зогссоныг анзаарав. Нээрээ л охины хэлснээр биед минь өвчний нэг ч ул мөр байсангүй. Би жаргалтайгаар мишээсээр цэнхэр өнгийн шүхрээ дэлгэн, сууж байсан газраасаа босоод надад нээгдэж байгаа шинэ ертөнцийг чиглэн алхахдаа Амьдралд би сүүлчийн өгүүлбэрээ хэлсэн юм. “Баярлалаа Амьдралаа, чамтай танилцаж, чамтай нөхөрлөж хамтдаа жаргал зовлонгоо хуваалцан цаг хугацааг туулахад үнэхээр сайхан байлаа, хэзээ нэг өдөр хоёулаа эргээд уулзах болохоор тэр өдрийг хүртэл түр баяртай.”


/Б. Хулан 2011.05.16/
Read more...

Sunday, May 8, 2011

Би хааччихваа...

Блогоороо жаал хэсэв, ямар ч идэвхитэй байсан юм бэ дээ. Шүлгийн мөрнүүд гараад л гараад л өгүүллэг өгүүлэмж зохиогоод л, одоо тэр хүн хааччихсан юм бэ. Би хааччихваа. Амьдрал яг л нэг шугаман зураасаар үргэлжлээд л юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт боловч үнэндээ энэ гурван жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдөж ээ. Анх нэг найзтайгаа танилцаад насаа хэлэхэд гадарласан юмаа харцнаас чин мэдэгдэж байна гэж хэлж байсан санаанаас гардаггүй юм. Одоо тэр харц гурван жилийн дараа маш их өөрчлөгдсөн дөө гэж бодохоор гунигтай ч юм шиг. Их л цоглог байж дээ, бухимдаж уурлана гэдэг зүйлийг ховорхон үздэг байлаа, юманд тэгтлээ их санаа зовж , шөнө бодож хэвтдэггүй байж, сэтгэл амар сайхан байж ээ. Тархинд хуралдсан олон асуудал байхгүй болохоор шүлэг бичихэд амар байдаг юм болов уу, тархи илүү сул чөлөөтэй байдаг болохоор сэтгэх хүрээ илүү их байдаг юм болов уу. Нэг бодлын тийм боловч нөгөөтэйгүүр бол амьдрал үзэх тусам үзэг улам хурцлагддаг байх л даа. Гоё шүлэг, өгүүлэмж бичмээр байна, сая хуучин бичиж байсан "Намайг Зовлон гэдэг" хэмээх зохиомжоо уншлаа. Иймэрхүү санаа дахиж хэзээ орж ирэх юм бол доо гэж бодогдсон. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг л, ямарваа нэг шүлгээ уншихад тухайн цаг үед юу юу болж байсан гээд л дурсамжууд санаанд буух юм. Сайхан нь ч байна муухай нь ч байна. За даа мөн ч олон юм нуршлаа даа, блогтоо ямар ч байсан агаар оруулах цаг болсон гэж бодоод ядаж иймэрхүү дүгнэлт бичээд үлдээмээр санагдлаа. Блог минь сайн уу чамдаа удахгүй буцаж ирэхийг хичээнээ.
Read more...

Tuesday, February 15, 2011

Knock Knock Knocking on heavens door...

хаха ичиж үхмэрий гэхдэ яаху анх уда ийм бичлэг хийж үзлээ
Гитар тоглож бол дөнгөж суржаа, дуулна гж авах юмгү гэхдээ би зоригтой аа наасс :))


Read more...

Tuesday, February 8, 2011

Хайрын гуйлгачид

Өмнөх үг:

Хэдэн мөр холбомоор санагдаад, толгойдоо үгнүүд бодож байтал юу ч бодож байлаа ямар ч байсан “гуйлгачин” гэдэг үг санаанд оров. Гуйлгачин гэхээр би энэ сэдвээр юу бичиж чадах вэ гэж хэсэг бодлоо л доо, олигтой юм толгойд зурагдсангүй, гэтэл гуйлгачинг “хайр” гэдэг үгтэй хослуулбал гээд бодтол харин цаашаагаа шүлгийн мөрнүүд зурайгаад ирдэг юм байна хэхэ. Энэ шүлгийг бичиж байх явцдаа, бичигдэж байгаа шүлэг маань өөрөө надад юм юм ухааруулаад эхлэчихвээ. Би ер нь их азтай хүн юмаа. Аав ээжийнхээ тухай бодож, тэднийхээ талаар энд бичмээр санагдсан юм.
Аав ээж маань өдөр ирэх бүрт улам л нэг нэгэндээ хайртай болоод байгаа нь харагдаж, хааяа бүүр жоохон хүүхдүүд шиг санагдаад инээд хүрэх үе ч гардаг. Энэ амьдралаа тэр хоёр маань бүүр доороос нь өдийг хүртэл гар гараа чанга атган зүтгэсээр босгоцгоосон. Харин одоо Бат-Эрдэнийнх гэдэг айл баян хангалуун, өр ширгүй, идэх хоолтой, унах машинтай, сайхан байртай, гурван хөөрхөн хүүхэдтэй (нэг хөөрхөн нь би хэхэ) элэг бүтэн, сэтгэл тэнэгэр амьдарцгааж байгаа. Миний ээж хүнд их тус дэм болох дуртай, сайхан сэтгэлтэй, хэнээс ч дутахгүй хөгжилтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нүдэнд нь инээмсэглэл байнга тодорч, харцанд нь гал ассан сайхан бүсгүй байдаг. Харин аав маань хүчтэй, чадалтай, мөн олны дунд нэр хүнд өндөр, сайхан ажилтай, хийе гэснээ хийдэг, амласанаа ягштал биелүүлдэг, ёстой эр хүн ямар байх ёстойв яг л тийм чадалтай эр хүн гэж боддог. Манайх гэдэг айл ам бүл тавуулаа, хаанаасаа ийм их энерги авчихсан юм гэмээр бүгд л инээж ханиаж, дуу шуу болцгоосон хөгжилтэй хүмүүс байдаг. Ах дүү бид гурав гэр бүлийн их эрүүл орчинд өссөн гэж боддог, учир нь аав маань архи үнэртүүлж гэртээ орж ирдэггүй, архичин аавын зовлонг мэдрүүлээгүй өсгөсөн, тийм болохоор бид их азтай хүүхдүүд юм. Гэтэл Монголын маань нийгэмд тэр зовлонг мэдэрч өссөн, мэдэрч байгаа гэр бүлүүд тоолоод баршгүй их байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүүр хар багаасаа л архи гэдэг зүйлийг мэддэг болж, удалгүй том болохдоо тэр зүйлийг ууж сурч, харин томорсон хойноо тэр зүйлгүйгээр байж чадахаа болтол донтдог болчихсон залуучууд маш их байгаа. Сүүлийн үед дуу шүлгэндээ хүртэл архиа магтан дуулж, тэрэндээ бардацгаагаад байх юм, нөгөөдөхийг нь уншиж сонсоцгооснууд нь дагаж баярлаад “өө яг би би, надтай адилхан” гэх мэтээр өөрсдөөрөө бахархдаг болчихож. Энэнд чинь одоо бахархаад, шагшаад, дэмжиж баярлаад байх зүйл баймааргүй л юмсан. Ийм биш байгаачээ, монгол эрчүүд ээ! Та бүхэн чинь ирээдүйг гартаа атгасан, гэр бүлээ эрүүл саруул авч явах ёстой эр хүн, эцэг эхийн бахархал, бүсгүй хүний хань, үр хүүхдийнхээ эцэг нь шүү дээ. За тэгээд энэ бүхнийг хэдэн мөрөөр бас хэлэх гэж оролдсон юм, эр хүн та уншвал нэгийг бодно биз ээ.


Хайрын гуйлгачид

Наран мандахтай зэрэгцэн
Найгаж ганхсаар гэртээ ирэхэд чинь
Цурам хийлгүй шөнөжин хаалга чагналаа гээд
Цухалдаж уурлахдаа үглэж чамайг загналаа ч

Ээжээ яг үхлээ ус өгөөч гэхэд чинь
Эвий хүүгий минь бие өвдлөө гэж бодохдоо
Аягатай усыг зовнисон харцаар өгч байгаа
Алт шиг чиний ижий хайрын гуйлгачин

Шөнийн бор хоногт хаалгаа балбан
Шимтэж уудаг архиндаа живсээр ирэхэд чинь
Орлуу чинь түшиж чамайг хэвтүүлээд
Огиудас хүрэм үнэрийг чинь тэсвэрлэн

Хувцсыг чинь арай ядан тайлж
Хувингий чинь дөхүүлж орхичоод
Бохиры чинь цэвэрлэж суухдаа заяандаа гомдон
Буланд уйлж суугаа эхнэр чинь хайрын гуйлгачин

Айлын хүүхдүүд ам мэдэцгээн шуугилдахад
Арын ширээнд нэг хүү чимээгүйхэн сууна
Багшийн өгсөн даалгавар “Аавын тухай”
Бусад сурагчид бүгд л сайн сайхныг бичнэ

Маралаагийн аав эмч, Хүслэнгийн аав хуульч
Мундаг мундаг аавуудыгаа чангаар магтацгаана
Харин миний аав “Архичин” гэж дэвтэрт бичихдээ
Хоолой нь зангирах чиний хүү хайрын гуйлгачин

Ээж чинь, эхнэр чинь, үр хүүхэд чинь
Эргэн тойронд чамайг хайрладаг хүн бүр
Чиний хайрыг гуйсаар цангаж өлсөж байхад
Чи харин архи гударсаар яваа архины гуйлгачин...

/Б. Хулан 2011.02.08/
Read more...

Thursday, December 16, 2010

Чи хаашаа явчихсан юм бэ?


Чимээгүйн дунд ганцааранг минь орхилоо ч
Чиний минь ялдам хоолой чихэнд цууриатсаар
Чамайг гэх сэтгэл минь үүрд халуунаараа байхад
Чи яагаад бүхнийг орхиод явчихсан юм бэ?

Модод навчсаан тоолон нэг нэгээр үдлээ ч
Мөдхөн эргээд ирэхийг нь хоног тоолон хүлээсээр
Миний чамд өгсөн зүрх минь цохилсоор байхад
Мөчирөө орхиод чи яагаад нисчихсэн юм бэ?

Аадар бороо бүхнийг харанхуйлан нөмөрлөө ч
Асаасан гал миний цээжинд шантралгүй бадарсаар
Амьдрал чи бид хоёрыг инээмсэглэн далласаар байхад
Амраг бүсгүй минь чи хаашаа явчихсан юм бэ?

Булбарай хацар чинь гарт минь мэдрэгдлээ ч
Буцаж ирээгүй зам чинь арилан сарнисаар
Бусдаас харамлан чамайгаа нандигнадаг байхад
Бурхан чи юунд түүнийг минь аваад явчихсан юм бэ?

Read more...

Monday, November 29, 2010

Picture of us : ) Picture of me : (

//** Та хэрвээ жаргалтай байвал үүнийг уншаад хэрэггүй, учир нь одоо миний өгүүлэх гэж байгаа зүйл гунигтай, гэхдээ гунигтай ч гэлээ цаад санаа нь сайхан юм аа..
Та хэрвээ гунигтай байвал үүнийг уншаад хэрэггүй, учир нь улам ч гунигтай болгож мэднэ, гэхдээ магадгүй урам хайрлаж ч болох юм.
Унших гэж байгаа танд баярлалаа :) **//





Бороо шиврэнэ.

Цонхны урдуур сүүмэлзэн сэвэлзэх хөшгийг таттал гаднаас дур мэдэн орж ирэх хөнгөхөн салхины аясаар ширээн дээр тоос даран хэвтэж байсан зураг газарт унах нь тэр. Охин уг зургийг сөхөж харахаас айна, сайхан дурсамж дурдатгал, нэгэнт өнгөрч түүнийг орхиод явсан бүхэн уг зурагны нүүрэнд байгаа гэдгийг тэр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Гэсэн хэдий ч шаналсан сэтгэлээс нь гарах намуухан эгшигэнд хөтлөгдөн зургийг газраас авч харахаар шийдэв. Дэрээ норгон өнгөрүүлсэн шөнүүдийн тоо хэдий 100 хол давж, өнгөрсөн бүхэнтэй эвлэрч чадахгүй, эвлэрэхийг ч хүсэхгүй байгаа болохоор түүний тархинд бусад шиг дурсамжаа хараад “өнгөрсөн явдал даа” гэж бодох тэнхэл өдийг хүртэл суухгүй байсаар байгаа. Хэтэрхий их хайртай байсан, орхиод явахад нь тэврээд үлдээе гэсэн ч тийм их тэнхэл түүнд байгаагүй, буцаад ирнэ гэж олон шөнө залбирч хоносон ч бурхан түүний хүслийг сонсож чадаагүй юм болов уу, ямартай ч тэр буцаж ирээгүй. Цог асдаг байсан харцанд нь гунигийн манан нэгэнт хурж, гашуун нулимс түүх өгүүлэх шиг нүднээс нь хацар даган доошилж эхлэхэд охин зураг руу, зурган дээрх залуу руу, тэдний жаргалтай мөч рүү цаг хугацаагаар аялан очсоноо мэдрэнэ. Ямар их жаргалтай байж вэ, тэр хоёр нэгнээ хайрлаад л, хамтдаа байвал л бүх юм сайхан болно гэж итгэдэг байсан тэр мөч. Цаг хугацаа олон зүйл ойлгуулна, үнэн гэж байсан ч тэр нь худлаа байсан гэдгийг сүүлд н ухааруулж, итгэсэн боловч итгэх ёсгүй байсан гэдгийг хуурсан хойноо л хэлнэ. Тэр л үед бүх зүйлийг мэдсэн байж орхиж чадаагүйдээ харамссан ч, жаргасан хайрласан хамт байсан цаг мөч бүхэн нь түүнээс хэд дахин хүчтэй тул өөрийгөө буруудсан гэж огт бодох эрхгүй. Охин үргэлжлүүлэн зургийг ширтэн сууна.


Дууссан.



Навч хаялана.


Модны мөчир, мөчирөөсөө салахыг хүсэхгүй байгаа тул байдаг чадлаараа зүүгдэх шаралсан навчнууд нарны хурц гэрлийг халхлавч, алтан шаргал туяа нь тэдний завсраар нь зурвас зурвасхан тусах нь хос хоёрын жаргалтай өдрийг өнгө өнгөөр чимнэ. Ойр хавьд олон хүн байсангүй, нуурын эргээр цагаан хар хоёр хунгийн гангар гунгар хийн хөвөхийг ширтэнгээ, дулаан илчээрээ хоёр биенээ налан суугаа охин залуу хоёрын харц нь хайраар дүүрчээ. Тэрээр яг энэхэн хормыг зургийн хальсанд мөнхлөхөөр хоёул санал нэгдэв. Залуу гараа сунган зургийн аппаратаа холхоноос барьж байгаад хоёр биенийхээ дээх н талаас зургийг даржээ. Энэ зураг хосгүй гоё зураг байх ёстой, тэр хоёрын хувьд тэдний хамгаас гоё мөчүүдийн нэг, нандигнаж явах зураг. Охин зургаа үзэхээр аппаратыг авч зураг үздэг товчруур дээр дарлаа. Нарны сүүмгэр туяанууд тэдний хувцсан дээр тусчээ, хоёулаа ямартай ч тун жаргалтай байгааг уг зургийг харсан хэн ч хэлж чадахаар байв. Охин дахин зураг авахаар дарах гэхдээ санамсаргүйгээр өөр товчлуур дээр дарчихтал нэгэн өөр зураг гарч ирэв. Залууг анзаарсан боловуу хэмээн хамт үзэхээр түүн рүү харсан ч, далавчаа дэвэн нисэхээр завдах хос хунг бахархан ширтээд завгүй байлаа. Охин зургийг сайн ойртуулж харвал гартаа нэгэн зүйл атган сууж байгаа бүсгүй байв. Тэр бүсгүйн царай сайн харагдахгүй байлаа. Дахин ойртуулав. Харц нь ямар их гунигтай юм бэ, энэ бүсгүй уйлж байна, энэ бүсгүй гартаа барьж буй зургаа харан уйлж байна, энэ бүсгүй хэн бэ. Тогтож сайн харвал тэр огт танихгүй бүсгүй, түүний хамгийн сайн таньдаг хүн нь болж таарах нь тэр. Тиймээ тэр бол өөрөө байлаа, тэр охин, түүний ирээдүй байсан. Гартаа сулхан барьж байгаа нь дөнгөж саяхан дарсан охин залуу хоёрын зураг мөн. Охин ирээдүйд юм бүхэн ямар байхыг яг л тэр хоромд мэдсэн. Бүх юм өөрчлөгдөнө, тэр шанална, хязгааргүй их. Ирээдүйгээс ирсэн энэ зураг бол бурхан гээч зүйл байдаг бол тэр нь түүнд олгож байгаа хоёр дох боломж байсан юм. Тэр самгардаж эхлэв, эхэндээ энэ бүхэнд итгэхийг хүсээгүй ч бүх зүйл яг ийм болно гэдгийг сэтгэл дотор нь хэн нэгэн батлаад байх шиг түүнд орилох мэт чангаар дахин дахин хэлнэ. Охин залуу руу харлаа. Маш тайван дөлгөөхөн харц охины бэмбэгнэн чичрэх айдсыг бүхэлд нь аваад өлгийдөн бөөцийлөх мэт, өнөөх орилон хашгирах чимээг хайрын уянгат дуу болгох мэт залуугийн байдал бүхнийг өөрчлөв. Хайртай, охин түүнд хайртай, тэр түүнд яг энэ мөчид зүйрлэшгүй их хайртай, хэтэрхий их жаргасаныхаа шанг ирээдүйд хүртсэн ч хамаагүй охин энэ сонголтыг л хийнэ. Ирээдүйд амсах зовлонгоос сэргийлэхээр бурхан охинд хоёр бүүр гурав, бүүр хэдэн мянган боломж олгосон ч байлаа охин нэг л сонголт хийнэ, охин залууг дахин дахин сонгоно, учир нь охин тэнэг гэхдээ залууд ухаангүй хайртай, түүний хайр хамгаас хүчтэй. Охин өнөөх зургийг сүүлчийн удаа хараад устгах товчлуурыг дарав.


Эхэлсэн...

/Б.Хулан 2010.11.30/



Read more...

Thursday, November 11, 2010

Цэцэг ургасан.


Хөлгүй далайд төөрөн сэлэх загас би байсаан
Хаачихаан мэдэхгүй тэнүүчлэн нисэх болжмор би байсаан
Хатуу чулуунд цохигдон урсах голын урсгал би байсаан
Хүний орчлонд ганцаардан алхах охин би байсаан

Давалгааг сөрөн аялах усан онгоцонд загас дурласан
Далавчаан дэвэн жигүүрлэх хангарьдад болжмор дурласан
Дөлгөөхнөөр цэнхэртэх нуурын усанд голын урсгал дурласан
Дулаахан харцаараан намайг ширтэх чамдаан би дурласааааан...

Read more...

Monday, October 11, 2010

Унтаж байхдаа л тэр...

Зиа сайн байна уу, блогийг минь уншиж байгаа тэр нэг хүнээ. Тий та та таныг л хэлээд байгаам шүү дээ.
Нөгөө БонБон чинь блогоо мартаад нэгэнтээ зургаан сарыг юууу ч бичихгүй өнгөрөөчихжээ..
Гэнэт ухаан орсон юмуу, ганцаардсан үдэш ч байсан юмуу, тэнгэрт байгаа тэр ганцхан сарыг ширтэнгээ гунигтай нэгэн шүлэг тэрлээтэхэв.
Гэхдээ санаа зоволтгүй ээ, цаад БонБон чин хайр дурлалын асуудал дээр жаргалтай явж байгаа, энэ шүлэг надтай холбоогүй шүү гэж хэлэхгүй бол яасын ийсийн шаналсымуу ивийдээ гээд өрөвдөөд унахвы, тийм биш шүү хэхэ.
Гэхдээ мэдээж хэн нэгэн шаналж байгаа хүнд, эсвэл ийм шаналалыг мэдэрсэн нэгэнд витамин болохгүй ч гэсэн, гунигийг нь хуваалцах хэдэн мөч байх байхаа гэж найдна.
Зургаан сарын дараах мэндчилгээ болон шүлгийнхээ өрнөлийг бөөн үгээр нуршаад биччихлээ.
Одоо залхууралгүй шүлгийг минь уншаарай, гилайлаа, хайртай шүү та нартаа гээд доль үсрээд байх нь ч хаашайн :р



Унтаж байхдаа л тэр..

Наран мандана, шаргал туяагаар
Намайг бүрхэнэ, айдсын өглөө
Нүүрээ буруулсаар, түүний хайр
Нэгэнт мартагдсан, бидний дурсамж

Унтаж байхдаа л тэр
Урьдынх шигээ минийх болдог
Амгалан тайван нойрсохдоо л
Амраг хайрт минь буцаад амилдаг

Хөшгөө нээнэ, гунигтай өдөр
Хайрыг үгүйлнэ, миний зүрх
Хөндий хандсаар, хүйтэн харцаар
Хөлдөн мөстсөн, чиний сэтгэл

Унтаж байхдаа л тэр
Урьдынх шигээ минийх болдог
Хөнжлөө тийчлэн хэвтэхдээ л
Халуун дулаан илч нь мэдрэгддэг

Гандсан навч, мөчирөө орхино
Гаднаа инээнэ, уйланхай нүд минь
Гадагшаа ширтсээр, залхсан харц чинь
Гундан шаналсан, миний сэтгэл

Унтаж байхдаа л тэр
Урьдынх шигээ минийх болдог
Үүрийн гэгээ хаалга бүү тогшоосой
Үүрд унтаж байхыг чинь л хармаар...



Read more...

Saturday, April 24, 2010

"Улаан өглөө" - 4


......... Дур булаам инээмсэглэл,хүйтэн уруул тачаадан үнсэж байсныг санаж байна,харин үүнээс цааш юу ч орж ирэхгүй байна,,, аа тийм өвдөлт,цус минь олгойдож яс минь шархирч байсан,,,,,,,,,,,,

Тэгээд л гэртээ сэрсэн,надад юу тохиолдоо вэ,,, Боб руу залгах хэрэгтэй,,
-Байна уу,чи яагаад хэд хоног алга болчихвоо
-Боб,чиний найз бүсгүйн төрсөн өдөр яаж өндөрлөснийг санаж байна уу?
-Үгүйээ би муухан санаж байна,гэхдээ Элигийн хэлснээр бол чамайг Донна хүргэж өгсөн гэж байсан.Чи юу ч санахгүй байна уу,ямар нэг юм болоо юу?
-................................. /би хүнд муугаа үзүүлэх дургүй,Боб сандраад бөөн юм болно,удалгүй хүн болгон мэдчихнэ биз,чимээгүйхэн учрыг нь олъё/
Үгүй ээ би зүгээр зүгээр.Тэр орой яаж хариснаа мэдэхгүй л....
-Аан тэгээд л харисан байлгүй дээ.Нээрээ Донна та 2 ч нилээн дотно танилцаад авсан шүү.
-Тэр ямархуу хүүхэн бэ? хувь хүний хувьд?
-Би сайн мэдэхгүй ээ.Элитэй хамт ажиллаад 2 сар орчим болж байгаа юм.Ганц бие гэхээс өөр мэдэх юм алга даа.
-Зааза баяртай.Дараа уулзъя даа.

,,,,, Утсаа таслаад бодлоо.Юу болов,,, гэтэл өнөөх хүзүүний шарх айшигтай хорсов,,,, хараал идэг,,,,,, түрүүн эмийн сангаас авсан тосоо түрхээд эм уулаа.Гэтэл шууд огиод гаргачихлаа... Хоол идээгүй удсанаас ингэж байна гэж бодоод,өөрийгөө хүчлээд ч хамаагүй идэх ёстой,,,,
хөргөгч онгойлголоо мах гаргах хэрэгтэй,,,
Нялуун,зөөлхөн,үлбэгэр амт,сороод сороод сороод л,,,,,,,,,,,,,,,,,
Би юу хийчих вээ,нэг мэдэхэд би түүхий махны шүүсийг юу ч үгүй болтол сорчихсон,махыг зажлаад зогсож байна,,,,,,,,,,,,,,, зүрх зогсох шахан алмайрах айх зэрэгцээд орон дээрээ очоод нүүрээ дараад хэвтлээ, дахиад идмээр байна,уумаар байна,ходоодны минь гүнээс, биш ээ бүр бие махбодын минь бүх хэсгээс тийм юм нэхэж байна,,, цус их алдахаар ингэдэг юм байх даа гэж бодлоо гэнэт толгойд минь хүзүүний минь шарх бодогдлоо,зэргэлдээ нүхнүүд хоёр хоёроороо адилхан зайтай нүх,судсыг маань оносон тэр нүх,гэтэл би амьд,,, Вампирт хазуулчихсан гэж үүү,,,,,,,,,,,,,,,,,
(Золбоо ака. Онко)
Read more...

Saturday, March 27, 2010

"Улаан өглөө" - 3


............Би дэвтэр бал авч ор луугаа очоод,өнгөрсөн явдлын талаар санахыг оролдоо.
1рт: Гэртээ байхад найз маань ирж намайг аваад бид 2 "Сарнай" ресторан руу найз бүсгүйнх нь төрсөн өдрийн үдэшлэг рүү явсан.
2рт: Очоод тэнд хүмүүстэй танилцаж,хэрэггүй баахан танилуудынх нь амьдралын талаар хов жив зөндөө сонссон.
3рт: Яриа нийлэхгүй хүмүүсээс холдох ганц арга бол чимээгүй л уух байсан болохоор шар айраг, виски, водка холиод уугаад л байсан.
4рт: Оройтож ирсэн зочин буюу тэдний найз хүйтэн харцтай, дур булаам бөгөөд ихэмсэг бүсгүй Донна.
5рт: Тайзан дээрх мэндчилгээ, хараал идсэн бүжиг.
Харин үүнээс хойш дараалал байхгүй.Миний санаж байгаагаар хуучин багш маань эхнэртэйгээ тааралдаж миний амьдралын талаар гэр бүлтэй болсон эсэх элдвийн юм асууж шалгааж байсан,,,,, бас "Жигүүргүй шувууд нисэх мөч ахиж олдохгүй,Зовлон дүүрэн жиргээ нь өөрөөс нь өөр хэнд ч сонсдохгүй" гэсэн ямар нь мэдэгдэхгүй рок хамтлагын дууны мөрнүүд,,,,,,,, Үүдний хэсэгт сээтгэнэн ярих хүүхний яриа,,,,,, харанхуй.... харанхуй.... харанхуй...
-Залуу минь унтахад тохиромжтой газар биш байна, чи намайг сонсож байна уу,,
-Өө Донна сайн уу би зүгээр дээ,
-Үгүй дээ чи зүгээр биш байна
-Чи надад ямар нэг юм хийж өгч чадах юмуу,зүгээр л бусад шиг орхиод явна гэдэгт итгэлтэй байна
-Согтуу хүний үг гэж бодоо өнгөрөөе,харин одоо бос
,,,,,,,,,, бодоорой бодоорой,энэ бүсгүйг авмаар байвал ухаантай байх хэрэгтэй сэргэ сэргэ сэргэ,,,
Донна намайг уучлаарай би одоо гэрлүүгээ явах хэрэгтэй,намайг гарахад туслаач,,,
-Мэдээж би ингэхийн тулд чамайг 30 минут оролдлоо шүү дээ.
Рестораны ажилчин залуу,Донна 2 намайг түшин гаргалаа.Намрын жихүүн боловч цэвэр салхинд гарч нэгэнтээ амьсгаа аваад нов ногоон спорт машинд суугаад явлаа,,,замдаа юу яриснаа санахгүй байна,,, гэхдээ л яриад л байсан яриад л байсан,нэгэн байрны доод гаражны тод гэрэлтэй хэсэгрүү орж ирлээ......................

(Зохиогч Золбоо ака. Онко)
Read more...

Thursday, March 25, 2010

): Утсан хүүхэлдэй :(


Утсан хүүхэлдэй нүдээ нээхэд
Ухаан орж зүрх нь цохилов
Утсаа тасалсан хайчаа атгасаар
Удалгүй тэр хорионоосоо оргов

Эзэн гэртээ хүлээж байгаа
Эзгүй байгааг нь гайхаж байгаа
Дэгэнцэн догонцон яаран алхалсаар
Довжоон дээрээ ирэн догдлон зогсов...

Хайртай эзэндээ тэврүүлэхээр
Хаалга онгойлгон ор луу дөхөв
Хацар нь яагаарсан өөр хүүхэлдэй
Халуун тэвэрт нь нойрсож байв

Гарцаагүй энэ андуурал гэж бодовч
Гомдох сэтгэл нь үзэн ядалт болов
Гарт нь байгаа хүйтэн хайч
Ганц л зүйлийг түүнд шивнэв..

Бүлээн цус зугуухан доошлон
Бугуйг нь даган урсаж эхлэв
Бүсгүйн орилох сөөнгө хоолой
Бүх юм дууссаныг түүнд дуулгав

Охин сэхээ авч нүдээ нээн
Орон дээр хэвтэх хайртыгаа харав
Одоо тэр амьсгалахгүй хөдлөхгүй
Орчлонгоос нэгэнт арилсан байв

Тэр 2 нэгнээ хайрладаг байсан
Тэр өдрөөс хойш дахиж ирээгүй хайр
Тэднийг орхихдоо охиныг л ганцхан
Тултал нь шаналгаж зовоосон юм

Хөөрхий охин сэтгэцээр хямраад
Хөрчихсөн амиа золиослохоор шийдэв
Хүний орчлонг орхихоор болоод
Хайч аван хоолойгоо хэрчив

Эмгэнэлт бүхнийг ор тас мартчихаад
Эмнэлэгийн орон дээр тэр сэрэв
Ингээд тэр өөрийгөө утсан хүүхэлдэй гэж
Итгэж бодоод хайч аван тэндээс оргов

Эзэн гэртээ хүлээж байгаа
Эзгүй байгааг нь гайхаж байгаа
Дэгэнцэн догонцон яаран алхалсаар
Довжоон дээрээ ирэн догдлон зогсов...
Read more...

"Улаан өглөө" - 2


Хөрш ах хажууд ирж суугаад миний хүзүү болон гарын шууг гараараа тэмтэрч,нааш цааш нь хөдөлгөж харж байснаа "хүү минь хаа сайгүй зэрлэгүүд байх болсон энэ цагт болгоомж гэдэг хамгийн чухал шүү дээ.Санаж байгаа зүйлүүд байвал жаахан тэнхэрхээрээ ахдаа хэлээрэй сураг гаргахыг хичээе" гээд дахин хүзүүний шарх руу хараад энэ юугаар ингэж хатгадаг байнаа чи амиа алдаж болох байж дээ гэлээ.
Удалгүй байрны эзэн авгай савтай шөл барьсаар орж ирлээ.Аягалаад миний урд авч ирж тавьиад энэнээс уучих жаахан ч гэсэн тэнхээ ороод ав гэлээ.Би ч өндийж шөл рүү ойртоход муудсан ямар нэгэн хөгийн зүйл үнэртэв,бас тэр хэтэрхий халуун учраас ойртох аргагүй байв.Би ч гайхаж нүдээ анин өөрийгөө хүчлэн байж нэг халбагдлаа.Гэтэл хоолойгоор давахлгүй шууд хахаж цацан ханиалгалаа.Арчаагүй байдалдаа уур хүрсэн би Та 2т баярлалаа.Би ингээд зүгээр болж байна гэж хэллээ.

Тэр 2 ч ардах ажилдаа яарч байсан бололтой хэрэг гарвал хэлээрэй миний дүү гээд гараад явлаа.Бид 2т оршин суугчдын илүү түлхүүрүүд байгаагүй бол чи үхэж ч болох байлаа гэж үглээ авгай хэлээд гарч одлоо.

Бодъё бодъё би 3 хоног хэвсэн тэгэхээр өнөөдөр 8р сарын 25.Би гэртээ яаж ирснийг санах гэж хичээгээд хичээгээд чадсангүй.Би орноосоо бослоо.Гуван дайван байж угаалгын өрөө орж толинд өөрийгөө харлаа.Харин толинд би биш хонхойж харласан нүд зэвхийж хувхайрсан цагаан царайтай нэгэн байхыг харлаа. Гэхдээ энэ бол мэдээж би хүзүүнд маань 4 том нүх гарсан байхыг,шуун дээр маань маш урт хэмжээтэй урагдсан байхыг хараад уур зэвүүцэл хүрэн цус нөж болсон хувцасаа солиод эмнэлэг рүү явлаа. Хямд үнэтэйгээр нь ойрхон байх хуучин эмнэлэг рү очлоо.

Эмч үзэж байснаа чиний энэ шарх бол хадаасны шарх байна гарных чинь ч мөн адил хадаасанд урагдаж гэдгийн байна.Тэгээд шархны тос гэх мэт зүйлсийг бичиж өглөө.Чи цус их алдсан болохоор нөхөх хэрэгтэй цус нөхдөг бэлдмэлүүдийг хэрэглэ.Хэрвээ боломжтой бол цус сэлбүүлж ав гэлээ. Бичгийг нь халааслаад доор нь байх эмийн сангаас аваад гэрлүүгээ явлаа.Сульдсан бие минь арай дээрдсэн шиг санагдан хурдан алхаад гэртээ ирлээ.Хөргөгчөө уудлан идэж уух юм хайтал юу ч миний сонирхлыг татах янз алга.Надад нэг л өөр зүйл хэрэгтэй байна. Ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа..................

(Зохиогч Золбоо ака. Онко)
Read more...

Wednesday, March 24, 2010

Улаан өглөө - 1


Та миний гарыг хүйтэн байнаа гэж хэлж байна уу. Би хүйтэн гэж ямар байдгыг мэднэ ээ.

Юуг ч үл ойшоон бүгдийн дээгүүр харж алхдаг амьдралын маань төгсгөл болох тэр өдрөөс л би мэдсэн юм. Хамаг бие минь мөстөн царцах мэт болж амьсгаа авахад амруу мөс гулгалж байгаа мэт боогдон хөшиж.Усан хулгана болтлоо хөлөрч энэлэн шаналж бүтэн өдөр шөнийг өнгөрөөсний дараачаас гэх үү дээ...

Нулимсанд аргаж торсон нүдээ арай ядан нээж мөстөж гацсан гараараа нүүрээ нэг тэмтэрч бүтэн эсэхээ шалгаад босохыг оролдлоо.Биеэ дийлэхгүй газар тэрхийгээд унах нь тэр.Дөрвөлжин байшингийн хананууд дугуйран эргэлдээд,дүүжлээстэй гэрлийн бүрхүүл дээшилж доошлоод самуурсан тархинд нөгөө мөс нь зоох мэт болоод дахин нүд харанхуйлдав.

Хэн нэгэн хүн миний нүүрийг алчуураар арчиж хэн нэгэн тэнд устаар ярьж байна. Харцаа тогтоож ядан байж харвал манай байрын эзэмшигч авгай нөхрийнхөө хамт манайд ороод ирж.Тэгээд надаас асууна: Чамд юу тохиолдоо вэ.Ямар тусламж хэрэгтэй байна.Би чамд яг ямар нэг юм болноо гэж бүр мэдээд байдаг байсымаа.Ингэж яваад амиа алдсан бол яана. гээд л чалчиж өгнө. Харин цаанаас учир мэдэх ах хүү. Ухаан самуурч 3 хоног хэвтсэн хүн чамд тайлан тавих тэнхээ байх уу. Чи тэрний оронд гэртээ ороод нэг шөл хийгээд ир,тэгээд охиныг наашаа явуучлих би эмчийг иртэл түүний шархыг үзэж байя гэж хэллээ.
Ямартаа ч би үхээгүй юм байна. харин 3 хоног ухаангүй байсан гэдгээ сонсоод бүүр их ядрах шиг........


(Зохиогч Золбоо ака. Онко)
Read more...

Friday, March 12, 2010

Надаас очих үгс...


Надад чи ирсэн дулаан илч
Намайг дурлуулсан сонин ертөнц
Нүдэнд чинь миний жаргалтай инээмсэглэл
Нууцхан буланд шигдэх бяцхан айдас

Чамд амлая

Хайрлах зориг
Хээнцэр итгэл
Халуун таашаал
Халамжлах сэтгэл

Үнэнч бие
Үнсэх уруул
Галзуу үйлдэл
Гунидаггүй харц


Чамд амлахгүй

Гэнэн зүрх
Гинжлүүлсэн бие
Гомддоггүй ааш

Үүрдийн амьдрал
Үлгэрийн жаргал
Үнэмшилгүй жүжиг

Одоо би далавчаа дэвэх шувуухай
Оносон сум нь харин чинийх мөн...
Read more...

Thursday, February 25, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 8 Төгсгөл.


Өнөөдөр 5н сарын 13ны өдөр

Бүх юм ил болсон. Аллагын эзэн, алуурчин, Төөгөөг хорвоогоос холдуулж чадсан тэр хүн хэн бэ гэдгийг бүгд мэдсэн. Энэ тухай олон зүйл нуршихын оронд өглөөхөн уншсан сонингийн нийтлэлээс дурдая.

4р сарын 24ний шөнө Баярсайханы Төгөлдөр золгүйгээр хүнд алуулсан, гэмт этгээд олдсон. Их хэмжээний бэртэл авч, хамгийн сүүлд нь маш том хүнд модоор толгой тушаа газар нь цохиж хороосон. Зодоон гарсан газар дах гэрчийн этгээдийн мэдээллэсний дагуу сэжиглэж байсан хүнээ гэмт хэрэгтэн гэдгийг нотолж чаджээ. Хэдийгээр хийсэн хэргээ хүлээхгүй байгаа ч гэсэн аллага үйлдсэн нь талийгаач Төгөлдөрийн цамцан дээрх цусны толбо зэргээс нь түүнийг мөн гэдгийг мөн батлаж чадсан. Нөхөр Жавхлан нь талийгаач Төгөлдөрийн сурдаг сургуулийн дээд ангийнх бөгөөд зодоон үүссэн шалтгаан нь охинтой холбоотой гэнэ...
Талийгаачийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье....

Сонинд бичсэн нийтлэл ерөнхийдөө иймэрхүү байсан санагдаж байна. Энэ тухай өглөөний сонингоос ээж уншчихаад танай ангийн хүүхэд мөн үү гэж асуугаад надад өгөхөд нь би сандран авч уншсан. Хэргийн зангилаа тайлагдсан, хэн гэдгийг мэдсэн, гэхдээ энэ тухай сургууль дээр очоод л Жавхлан гэгч хэн болохыг мэдсэн юм. Чимгээгийн найз залуу. Яагаад тийм зүйл хийснийг би мэдэхгүй ч, миний таамаглаж байгаагаар Чимгээг Төгөлдөртэй хардсан юм болов уу, үнэндээ яг ямар шалтгаан гэдгийг сайн мэдэхгүй өнгөрсөн, энэ тухай надад ярьж өгөх хүн ангид байхгүй. Гэхдээ тэр хамаагүй ээ, хамгийн гол нь Төөгөөгийн маань сүнс тэнгэрт амгалан нойрсож чадахаар боллоо. Уучлаарай, дэргэд чинь байж хамгаалж чадаагүйд, сэтгэлийг чинь эртхэн ойлгож чадаагүйд, хариу хэлэлгүй хүлээлгэсэнд, намайг бүх зүйлд уучлаарай Төөгөө.

Өнөөдөр ангид нам жим, бүгд л нэгийг ярилцана, Чимгээ хичээлдээ ирээгүй байсан. Яагаад ч юм түүнийг маш их өрөвдөх шиг. Алтан загас ч бас бусдын адил цонхийсон царайтай байсан ч намайг дахиж энэ ангийнхан зовоохгүй гэхэд санаа нь амраа юм болов уу, цаанаа л баяртай харагдаж байсан. Нээрээ түүний жинхэнэ нэрийг Энхмөнх гэдэг. Хичээл тараад надтай хамт манайх руу явж, намайг хүргэж өгсөн. Замдаа надад зөндөө юм ярьж өгсөн ч миний толгойноос Төөгөөгийн тухайх бодол салахгүй байсан юм, үнэндээ түүний юу ярьсныг санахгүй байна. Гэхдээ цаг хугацаа улиран өнгөрөхөд энэ бүхэн мартагдаж, хэзээ нэг өдөр зүүдэлж байсан зүүд шиг бүдэг бадаг үлдэх байх гэж бодох хэдий ч, ийм тод зүүд мартагддаг эсэхд эргэлзэх. Ямартай ч Төөгөө миний өнгөрсөн амьдралын дурсамжинд маш зузаан, чухал түүхийн хуудас хэвээр үлдэнэ. Яг өнөөдрөөс би дахиж тэмдэглэл хөтлөхгүй ээ, энэ дэвтэр, энд бичсэн бүхэн Төөгөөтэй хамт миний дурсамжинд л үлдэж, шинээр ирэх өглөөг инээмсэглэлээр угтаж сурахын тулд хичээх болно. Ингээд дэвтэр минь, Төөгөө, өнгөрсөн хэдэн өдрүүд минь бүгд баяртай.


...........................................................


Саарал хавтастай дэвтэр дээр бичигдсэн бичмэлүүд дуусч, цаашаа үргэлжлэх хуудаснууд цагаан өнгөтэй, бичиг бичихийг хүлээх мэт горьдонгуй харна. Гэхдээ дэвтрийг зөөлхөн хаав. Энэ бүгдийг уншиж дуусаад түүний бодолд тэр өдөр болсон бүхэн нэг нэгээрээ орж ирэв.

“Цус нөжиндөө хутгалдан, бараг л алхаж чадахаа больтлоо зодуулчихаад мөлхөх шахуу түүнийг явж байхад хамгийн түрүүнд харагдсан зүйл бол хажууханд байсан том мод. Хайртай охиныг нь түүнийг хэзээ ч хайрлахгүй болгож байгаа энэ залууг яг одоо л ингээд зүйл дуусгачихвал чамд боломж байгаа гэсэн бодол зурс хийн орж ирэв. Бүх зүйл яг нүд ирмэхийн зуурд л өнгөрсөн, хамаг хүчээрээ нэг цохисон, тэгээд модоо хаяаад зугтсан, нэг мэдэхэд гэрийн үүдэндээ ирэн амьсгаагаа даран зогсож байлаа. Тэр өөрийгөө солиотой новш гэдгээ мэднэ, гэхдээ үүнийгээ амьдрал дээр нууж чаддаг ч, гэнэт орж ирсэн бодлоо биелүүлж чадсандаа, хэнд ч баригдалгүй зугтаж чадсандаа цээж нь дүүрч нэг л мэдэхэд ганцаараа чанга чанга инээн шатаар дээш өгсөж байсан. Энэ миний буруу биш, чиний л буруу, хэн чамайг миний замд хөндөлс гэсэн юм. Хохь чинь... “ гэх бодлууд, яг л тэр үед буцаад очсон мэт сэтгэл тэнэгэр, дэндүү их баярлан, яг л солиорчихсон хүн шиг нүд нь тогтохгүй эргэлдэн ам нь мушилзан зогсоно. “Миний хайртаа, маргааш чи хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй, би эрт амжуулах ажилтай” гэж Мөөжийгийн орилох дуунаар Энхмөнх Төөгөөг алж байсан тэр өдрийн бодлоосоо гэнэт цочин гарч ирэв. “Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэлийг” сэмээрхэн байсан байранд нь тавиад хайрт руугаа очин буйдан налан суухдаа юу ч болоогүй мэт хүүхдээ өргөн авч эрхлүүлэв.
Цонхон дээр цагаан цас ширхэг ширхэгээр будрана, цагаан тагтаа цонх налан тэднийг ширтэнэ...
Read more...

Tuesday, February 23, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 7 Цагаан тагтаа, баримт...


Өнөөдөр 5н сарын хэдэн ч билээ..

Идэж дуусгаагүй хоол ширээн дээр анхаарал шаардан над руу харна, өлсөхгүй байна, чамайг идэхгүй. Бодож дуусгаагүй тоо дэвтэр дээр ухаан шаардан хүлээнэ, хүсэхгүй байна, чамайг бодохгүй. Ээж дүү 2 үхлийн киногоо үзэн том өрөөний буйдан дээр шигдэцгээн, энэ гэрт намайг байдаг гэдгийг огт мартсан мэт, сая хажуугаар нь өнгөрөхдөө анзаарахад нүдэндээ нулимс цийлэгнүүлцгээсэн байх юм. Хайран нулимс, ийм юманд үрэх ямар шаардлага байна, хайран нулимс гэснээс миний хайран нулимснууд ч бас тэр тамын анги дотор үрэгдсэн л дээ.

Дурлалаас ургасан үхэл, аллага, асуултын хариу, алуурчин, энэ бүгдийг бичиж суухад гэнэт сонин бодол толгойд орж ирэх. Төөгөөгийн сүнс хажууд байгаа болов уу гэсэн бодол. Сүнс сүг сүүдэрт би итгэдэг юмаа, байдаг гэж боддог юм, одоо ч миний дэргэд Төөгөө зогсчихоод түүнийг алсан хүнийг чихэнд минь сэмээрхэн шивнэж байгаа ч юм билүү. Харамсалтай нь би сүнсний хэлээр ярьдаггүй болохоороо ойлгохгүй, үгүй ээ бүүр сонсохгүй байгаа ч юм билүү, энийг чи ч би ч хэн ч мэдэхгүй. Хүн үхээд тэр нэгэн сайхан газар очихоороо өөрийнхөө сайн байгаагаа мэдэгдэж цагаан тагтаа болон дэлхий дээр түр ирдэг гэж би боддог. Тэр цагаан тагтааг чи олж харвал тэнгэрт одогч тэр нэгэн чамд мэнд хүргэж байгаа тул баяртайгаар инээмсэглэн түүнд аз жаргал хүсэж дотроо бодох хэрэгтэй байх. Гэхдээ би Төөгөөг алга болсноос хойш нэг ч цагаан тагтаа олж харсангүй, тэр хаана байгаа юм бол, эсвэл надад гомдсондоо над дээр ирж мэнд хүргэхгүй байгаа юм болов уу. Төөгөө чи ганц удаа над дээр цагаан тагтаа болоод ир л дээ, сүүлчийн удаа ганц харахсан. Чамайг одоо би үзэн ядахаа больсоон, цаг явах бүрт дэндүү их өрөвдөөд,чамайг үзэн ядаж, чамд уурлаж бухимдаж байсан өөртөө дургүй хүрч байна. Хэрвээ чи үхээгүй бол... гэж байнга бодох болсон. Хэрвээ чи үхээгүй бол одоо бид 2 өнөөх явдаг замаараа гар гараа барин алхах байсан болов уу, хэрвээ чи цагаан тагтаа болохоор шийдэн тэнгэр рүү нисээгүй бол бид хоёр айлчлан ирж байгаа хаврын улирлын сэтгэл догдлом бүхнийг хамтдаа мэдрэн инээлдэн алхах байсан болов уу... Хэрвээ чи амьд л байсан бол бүх юм, бүх юм сайхан байх байсан юм болов уу.

Энэ нулимс ээж дүү хоёрын үзэж байгаа Солонгос киноных биш ээ, энэ надад тохиолдсон гунигтай үлгэрийн жаргалгүй төгсгөлийг уншсаны дараах нулимс, үлгэр үргэлж сайхан төгсдөг байтал миний үлгэр муухай төгсөөд байх юм. Эсвэл энэ төгсгөл биш л байх л даа. За нурших ч яахав дээ. Өнөөдөр юу болоод өнгөрөв гэдэг их сонин, сургуульдаа очоод сандал минь байрандаа, Алтан загасны найрсаг харц, тэр надад таалагдах болсон, энэ ангиас миний ганц найз, намайг ойлгодог ганц л хүн, гэхдээ нүднийх нь доорх хөхөрсөн байгааг хараад аргадаж, эсвэл тайтгаруулж ер нь юу хэлдэг юм бол, юу ч олдсонгүй, дуугүй л дотроо зовнин хажууд нь очиж суусан. Гэхдээ угийн л цоглог зангаараа юу ч болоогүй мэт надад хөгжилтэй зүйл ярьж өгч байлаа. Удалгүй түүний ярианы өнгө хувирч “Уучлаарай, би түүнийг тиймэрхүү юм ярихаар чамайг хэлж байна гэж өөрийн мэдэлгүй л бодчихсон, гэхдээ уул нь тэгээгүй гэдгийг сүүлд мэдсэн л дээ. Уучлаарай чамаас л уучлалт гуймаар байна” гэхэд нь би хэсэг гайхаад өнөөх хэргийн тухай ярьж байгааг мэдмэгцээ “Зүгээрдээ” гэсэн харцыг өгөөд зөөлхөн инээмсэглэж л амжсан. Би ер нь яагаад хүнтэй олигтой юм ярьчих авьяасгүй юм бол доо хөөрхий. Удалгүй хичээл эхлэж хүүхдүүд байраа эзлэцгээх үед яагаад ч юм миний санаанд Чимгээ ороод ирэв. Тэр намайг сүүлийн хэдэн өдөр гүтгэж доромжлохоо больчихсон байна шүү дээ, араас алхаж ирдэг түүний гутлын чимээ намайг чиглэхээ больчихож, ашгүй дээ ингээд ямартай ч тэр надаас залхсан бололтой, ашгүй дээ ашгүй.. Гэхдээ тэр Чимгээ байсан юм болов уу, тэр орой орилж хашгичсан охин Чимгээ юм болов уу. Үнэн гэж хэлэх баримт ч гэх юм уу нэг зүйлийг би хичээл тараад олж мэдсэн, олж мэдсэн ч гэж сонссон.

Сургуулиас гараад яагаад ч юм шууд гэрийн зүг гэлдрэлгүй, оронд нь замд байдаг цэцэрлэгээр дайран явахаар шийдсэн. Яг цэцэрлэгийн булан эргэхийн даваан дээр хоёр хүн маргалдаж байгааг би сонссон юм. Чаддагаараа хөдөлгөөнгүй хөшөөд чагнах л үлдсэн, уг нь хүний үгийг нууцаар сонсох муухай л даа, гэхдээ л.. Нэг залуу, нэг охин 2 маргалдаж байсан, охиных нь хоолой яах аргагүй л Чимгээгийнх мөн шиг санагдсан болохоор би баримт гэж бодоод байгаа юм. Тэр хоёрын маргалдаж байгаа зүйл нь нэгэн зодоон, залуу нь зодолдсон бололтой, охиноо хардсан, хүнтэй хамт байгааг хараад, тэгээд зодоон болсон, гэхдээ залуу уучлал гуйна, бүүр хоолой чичрэн уучлалт гуйхдаа хэлсэн яг нэг өгүүлбэрийг би бүрэн бүтнээр нь ямар ч алдаа мадаггүй сайн санаж байна. Харин энэ өгүүлбэрийг би ганцаараа сонсоогүй, сонсчихоод сандран арагшаа ухартал хэн нэгнийг мөргөөд золтой л цочоод орилчихын даваан дээр ам даран чимээгүй байх дохиог өгсөн тэр хүн өнөөх шинээр ирсэн сурагч, Төөгөөгийн найз байсан. Бид хоёрын дөрвөн чих зэрэг сонссон тэр өгүүлбэр: “Намайг битгий орхи л доо, би буруу юм хийснээ мэдэж байгаа ч, би түүнийг алаагүй гэдгээ мэдэж байна.”
Read more...

Monday, February 22, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 6 Тэр орой, би биш биз дээ...


Өнөөдөр 5н сарын 6ны өдөр.

Бүх болсон зүйлийг мартахад зориулагдсан өнгөрсөн 7 хоног. Гэртээ, гэрээс гаралгүй, өвчтэй гэж багшид хэлүүлэхийн тулд ээжээс үхэн хатан гуйн байж хичээлдээ явахгүй өнгөрөөсөн тэр дөрвөн хоног тэгэс ингэсгээд л дуусчихлаа. Төөгөөгийн гэрт очоод түүний зэрэглээ гэж хэлж болох хүнийг харснаас хойш дөрвөн хоног өнгөрсөн ч дөнгөж сая л болсон мэт ой дурсамжаас огт арчигдахгүй, яг л зурагдсан пянз шиг дахин дахин бодолд орж ирээд намайг зовооно. Тэр үнэхээр зэрэглээ байсан байх, хэрвээ тэр хаалгаар орсон бол яг замхраад алга болох тийм л зэрэглээ байсан байх гэж хичнээн бодсон ч үгүй гэсэн хариултыг чамд өгөе. Тэр хүн байсаан, хүнээр барахгүй бүүр бодит тэгээд зэрэглээ шиг ойртох бүрт холдон оддоггүй, харин ч ойртвол би очоод яг цээжинд нь тулан наалдахаар тийм л хүн. Гэхдээ алуулаад газарт цус нь дусалж байх ёстой тийм хүн биш, яг амьд хаанаас нь ч цус гараагүй, эв эрүүл сав саруул гэвч нүдэнд нь яг тэр хоёр бор нүдэнд нь маш том гунигийн цус хурсан тийм л нэгэн хүн байсан.

Хичээл хичээл хичээл сүүлийн хэдэн хоног ер нь би юу сурваа, юу үзчихвээ, шалгалт шүүлэг хаана байна аа. Харамсалтай нь шалгалтууд минь та бүхэнд зориулах анхаарал халамж миний зүгээс очихгүй л болов уу. Санаа зовж бодож тунгаах юм цаана чинь зөндөө байхад юун шалгалт байх билээ дээ. Өнөөдөр өглөө сэрүүлэг дуугарахаас өмнө сэрчихээд дуугарахыг нь хүлээн хэвтэж байв. Уламжлал ёсоор орилж эхлэхэд нь очиж унтраагаад босон, бодол болон суухдаа, дахиад нэг долоо, бүүр дахиад нэг, ер нь хичээлд явахаа болиод ажил хийгээд шууд л сургуулиас гарчих юмсан, юм бүхнээс зугтчих юмсан гэж бодох зуур, гэхдээ яаж?, хаанаас нь эхлэж? гэсэн асуултуудыг түм буман удаа өөртөө тавиад хариултыг ололгүй нэг л мэдэхнээ нойрмоглонгуй өөрийгөө толинд ширтэнгээ шүдээ угаан зогсох. Азгүй, арчаагүй Мөөжий өөрийгөө зоригжуулсаар ягаан цүнхээ дуртай дургүй үүрэн сургууль руу сажилахдаа өнөөдөр бүх юм зүгээр л, ямар ч адал явдалгүй, юу ч тохиолдохгүй, хүмүүс намайг тэнд байгааг огт анзааралгүй өнгөрөөсэй гэсээр яг л цагаан сараар зүг чигээ гаргахдаа залбиран “ум базар лалала” гээд уншдаг шиг амандаа дахин дахин тэр бүгдийг үглэсээр.. Маш удаан дуртай дургүй сажилсан болоод ч тэр үү эсвэл би их оройтож гэрээс гарсан уу ямартай ч тав арван минут хоцорч хичээлдээ ирсэн юмдаг.

Намайг яг орж ирэхэд багш ангид байхгүй байсан, багш байхгүй байсан болохоор хүүхдүүүд тэгж их шуугилдан, энд тэнд бөөн чимээ дэгдээдэг болсон юм болов уу эсвэл энэ өөр шалтгаантай юу гэж бодох зуур ангийн хойно хоёр хүүхэд зодолдож байгааг би удалгүй анзаарав. Охидын “больцгоогоочээ” гэж орилох зарим нэгэн хөвгүүдийн цус нь хөөрөн, нүдэнд нь цог асан зодооныг шимтэн үзэх, харин зарим нь салгах гэж голоор нь орох гэх мэт ёстой кино шиг л юм болж байх шиг. Би дөнгөж орж ирж байсан болохоор хэн хэнтэйгээ зодолдоод байгааг харж чадсангүй, харагдсан ч үгүй. Учир нь гол дүрүүдийг бучин авсан ангийн хүүхдүүд надад тийм боломж өгөхгүй байлаа. Би тэр үед яагаад ч юм баярлаад явчихаж билээ. Учир нь ийм зодоон боллоо гэхэд өнөөдөржингөө энэ зодоон сонины эхний нүүрний мэдээ байх болно, харин би биш. Тэгэхээр хэн ч намайг анзаарахгүй, би тайван амгалан өдрийг өнгөрөөх нь гэж хичнээн баярласан гээч. Гэхдээ тийм биш байсныг дуулгахад тун таагүй байна.

Яг надаас өмнөхөн орж ирсэн Хишигээ гэдэг охин юу болоод байгааг харчихаад нийлдэг хэд дээрээ очоод ярилцаж байхыг би сэмээрхэн сонсож амжив. “Хэн хэнтэйгээ яагаад зодолдоод байгаа юм бэ?” гэж милээн зовонгуй асуухад Солонго “Нөгөө шинээр ирсэн банди л олон юм ярьсан юм шиг байна лээ. Юу билээ дээ, танай ангиас найзынхаа үхэлд буруутай охиныг илчилсэн цагт явна ч гэсэн гэлүү, тэгсэн л Алтан загас босч ирээд л зодоон хийсэн гэх шиг болсон. Алтан загас өмөөрөх хүнээ ч олж ядаж дээ. Угаасаа л Мөөжий буруутай нь ойлгомжтой....” гэх мэтээр хэлж байхыг сонсоод газар сөхрөөд уначихмаар л санагдсан. Би хаалгаар хэн ч намайг анзаарч хараагүй байгаа дээр гараад явахаар хөдөлсөн ч багш өөдөөс ороод ирэхэд нь хөдөлгөөнгүй хөшиж орхичих нь тэр. Орж ирээд намайг нэг харснаа зодооныг харан чанга чанга орилиход хүүхдүүд сандарцгаан ширээ ширээ рүүгээ зүглэцгээж, үлдсэн хэд нь тэр хоёрыг салгаж чадав. Зодоон хийсэн хоёрыг самбарын өмнө гаргаж ирэх яг тэр үед л би нөгөө шинээр ирсэн зодоончийг тогтон ажиглавал, нөгөө хар саарал цамц, яг тэр Төөгөөгийн гэрийн хаалгыг онгойлгосон хүний хар саарал цамц, гэхдээ харц нь гунигтай ч гэлээ маш ширүүн хүйтэн, үзэн ядалт, уур хилэн шингэсэн харцтай тийм хүн зогсож байв. Тиймээ тэр Төөгөө биш байсан, би андуурсан байсан, тэр огтхон ч Төөгөө биш, гэхдээ маш адилхан, түүнтэй үнэхээр дэндүү адилхан тийм нэгэн банди байсан.

Өнөөдөр хичээлдээ ирснээр олж мэдсэн, миний тархинд эргэлдэн давтагдах бодлын пянзыг зогсоож өгсөн яг тэр агшин, маш ихээр тайвшрах шиг, бүрхсэн үүл замхраад ч явчих шиг санагдаж байсан юм. Гэхдээ яагаад тэр үхэлд буруутай охин гэж хэлсэн юм бол, тэр хүртэл намайг мэддэг гэж үү? Энэ ангийнхан түүнийг шилжиж ирэнгүүт л тэр тухай ярьсан гэж үү? Одоо намайг үзэн ядаж байгаа болов уу? гэх зэргийн асуултууд өнөө зогссон пянзыг дахиад ажилуулж эхлэх шиг. Алтан загас минь дээ, энэ ангид чи л ганцхан намайг гэх юм, гэхдээ ингэлээ гээд ямар ч нэмэргүй, чи л зовно, самбарын өмнө нүүр нүдгүй балбуулаад өнөөх том нүднийх нь доох нь талд маш том улайсан байхыг хараад дэндүү их өрөвдөв. Би гэтэл яаж ч чадахгүй, ядаж босоод түүний өмнөөс ганц үг дуугараад өмөөрч ч чадахгүй, дүлий дүмбэ, хараагүй сохор, хэлгүй чихгүй царайлаад ингээд л суух.

Багш шинээр ирсэн хүүхдээс яагаад зодоон хийсэн талаар асуусан, тэр хариулсан, би огт ойлгоогүй, яагаад ч юм тэр огт миний тухай яриагүй, тэгсэн хэрнээ яагаад түүний найзын үхэлд буруутай охиныг илчилнэ гэж ярьсан юм бол. Эсвэл буруу сонссон юм уу, би дахиад буруу юмаар толгойгоо гашилгаж байгаа юм болов уу. Тэр хэлэхдээ “Би найзынхаа өшөөг авах гэсэн юм. Тэр охиныг илчлэх гэсэн юм. Би найз руугаа хамгийн сүүлд залгаад ярихад, тэр үхсэн өдрийнх нь орой түүнтэй ярихад цаана нь нэг охин уйлаад орилж байсныг би сонссон. Тэгээд дараа залгая гээд утсаа салгасан. Би тэр охиныг яг энэ ангийнх байсан гэдгийг мэдэж байна, хэн бэ гэдгийг чинь ч гадарлаж байгаа, өөрийгөө цагдаа нарт хэлж миний найзын ясыг амраахгүй бол чамайг гэдгийг батласан цагтаа энэ ангиас чинь тонилоод өгнө.” Үзэн ядалт, уур хилэн шингэсэн хүйтэн харц, шазруун хоолойгоор яг энэ өгүүлбэрүүдийг хэлээд тэр дахиж юм хэлээгүй, чимээгүй болсон.

Хэнийг хэлээд байгааг ойлгоход миний өчүүхэн тархины хурд үнэхээр гүйцээгүй. Гэхдээ алуурчин энд байгаа, яг энэ дөрвөн хананы дунд, бидний дунд, би юу? би биш, эсвэл мянган удаа тийм гэвэл тийм болчихдог юм уу? Гэхдээ би уйлаагүй, би орилоогүй тэр орой, би биш биз дээ, би биш...
Read more...

Tuesday, February 16, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 5 Би солиорчихож...


Өнөөдөр 5н сарын 1ний өдөр


Шинэ сарын эхлэл, 4н сарын сүүлээс авхуулаад надад өдөр хоног алгасалгүй тохиолдсон учир битүүлэг, утгагүй, уур хүрмээр, гэвч зарим нэгэн нь сэтгэл догдлуулсан зүйлсүүд дуусахгүй үргэлжилсээр. 5р сарыг чимэглэж өгсөн их сайхан үдэш байна. Учир нь анхны бороо гадаа дур мэдэн газарт асгаран, түүний чийгний үнэр ухаан бодолд харамгүй шингэж, намайг маш ихээр тайвшруулахдаа тархинд эргэлдэх стрэсс зовлон түм буман асуулт бодлыг тэр чигээр нь элдэн хөөх нь яг л гэртээ их цэвэрлэгээ хийчихээд хийсэн ажлынхаа үр дүнг харангаа буйдангаа налан халуун сүүтэй кофэ уун сууж байгаа юм шиг тийм л цэвэрхэн, тансаг мэдрэмж төрүүлэхүйц сайхан. Гэхдээ чөтгөр надад гэнэтийн бэлэг барихаа ямар мартдаг биш дээ. Анхны бороо, анхны үхэл, анхны дарамтлал... анхны гээд цааш нь биччих гэгээн цагаан за ядаж цайвар саарал анхны юм орж ирэхгүй нь, муухай бүхнийг нь харин дурсвал дэвтэр дуусчих гээд байх шиг. Гэхдээ эхэн үеэ бодвол би юманд дасаж эхэлж байна, ядаж л Төөгөөгий талаар зүүдэлдэг байсан хар даралтууд өндрөөс унаж байгаа, өөрөө хүнд алуулж байгаагаар зүүдэлдэг болж өөрчлөгдсөн нь авууштай.

Өнөө өглөө эхэлдэг зарчмаараа л эхэлсэн, би аварга том айдсыг халааслан сургууль руугаа явдаг болоод бараг 7 хонож байх шиг, гэхдээ Цагдаа ахтай ярилцсанаас хойш, түүний тэдэнд өгсөн Төөгөөгийн талаарх мэдээллээс хойш өчигдөр өнөөдөр 2 лав гайгүй өнгөрөх шиг. Үгүй дээ үгүй юм байна, юуных нь гайгүй байхав дээ, нэг бодлын улам л дордчихсон юм шиг. Хичээл тараад тохиолдсон хачирхалтай, магадгүй надаас өөр хүн байсан бол шоконд орчихоод одоо дэвтрээ юу ч болоогүй юм шиг гөлийж суух ч тэнхэлгүй байхаар тийм л сонин зүйл, надад баяр ч, гуниг ч алийг нь ч авчраагүй. Чи гайхах байх, би ч одоог хүртэл гайхсаар, гэхдээ нэг бодлын энэ бүхэн худлаа байсан, миний хуурамч төсөөлөл байсан байх магадлалтай гэж бодсон болохоороо одоо ийм тайван байгаа юм болов уу, мэдэхгүй юм даа.
Тавдугаар цагийн завсарлагаан болж багш юу юугүй л яарч сандран ангиас гараад явчихав. Тэгээд л би дайны талбар дээр хамгаалагч, за хамгаалагч биш юм аа гэхэд ядаж жижүүргүйгээр үлддэг юм байжээ, яг л ийм мөчийг үзэн ядна. Багш нарыг дараагийн багш орж иртэл урд талын ширээний хоёртой амьдралаа яриад ч болов суугаасай гэж залбирдаг, гэтэл тэр багш тэгсэнгүй, яараад л гараад явчихав. Чимгээ суудлаасаа босон дөхөж ирнэ ардаас, би бүүр яг мэддэг болчихсон, түүний гутлын түг таг хийсэн дотор муухай оргимоор чимээг. Мэдээж зүгээр хажуугаар өнгөрсөнгүй, яг зөрөхдөө “Манай ангийнхаан, өнөөдөр Төөгөөг маань хөдөөлүүлнэ гэж байна лээ. Би очиж гэрийнхэнд нь туслая гэж бодож байна, өөр хамт явах хүн байна уу. Алуурчид нь бол ирээд хэрэггүй биз дээ.” гэчих нь тэр. Ангийхан юу ч хэлсэнгүй, ам амандаа ярилцана, би алуурчин биш, би алаагүй, би юу гэж сайн хүнээ алах юм бэ.... Аааааааааааааааааааааааа. Би тэсээгүй ээ, тэснэ тэснэ дуугай дуугай гэхэд бас арай ч дээ, дахиж чадахгүй тийм ч учраас бие минь өөрийн эрхгүй суудлаасаа ширүүн өндийхөд сандал хоошоо түлхэгдсэн байсан. “Би түүнийг алаагүй, би алуурчин биш, та нар яагаад намайг ингэж ад үзээд байгаа юм, арай ч дээ, би ямар гэм хийчихсэн юм” гэх зэргээр хоолой мэдэн хэлмээр санагдсан, бодсон, асуумаар байсан, тархинд буцалж байсан бүх л зүйлээ хурдан хурдан амжуулан орилж гарсан. Уурандаа ширээн дээрх дэвтэр номоо шидлэн газарт унагаачихсан байсан л даа, яг л солиотой хүн шиг, би ер нь солиорсон ч байж магадгүй. Бүгд чимээгүй, нам гүм ноёрхох нь ёстоо нөгөө ялаа байсан бол нисэх нь сонсогдох дөхөхөөр яг л тийм мэдрэмж. Би ч өөрийнхөө ухаангүй үйлдэл хийснээ гэнэт мэдэн, яах учраа ололгүй зогсож байтал, нам гүмийг Чимгээгийн тахир дутуу хоолой “Төөгөө чамтай хамт яваагүй бол, чи Төөгөөгөөс зуурч дагуулж яваагүй бол тэр амьд байх байсан юм. Тэхээр чи шууд биш ч гэсэн миний, манай ангийнхны хувьд алуурчин нэрээрээ байна” гэсэн хорлонтой өгүүлбэрүүдээр чихийг ирж бөмбөрдөв.
Жүжигчин "новш" ингэж хэлчихээд бас уйлж байна лээ, тэнд хэн нь уйлах ёстой юм бээ, би үнэндээ яах учраа бүүр ч олохоо байлаа, өөрийгөө хамгаалж үг хэлэх гэсэн боловч тийм зүйл сонсчихсон би гэдэг хүн хөшөө больж хувирах нь тэр. Багш орж ирснээр “Мөөжий хөшөө” сандалдаа чимээгүй суувал, хүүхдүүд дэвтэр номоо гаргах тэр мөчид сул дорой, хүчгүй, цөхөрсөн хэдэн нулимсаа дуслуулж суусан юм. Гэвч ялахдахыг хүсээгүй дээ хажууд биеэ хураан суух Алтан загасаас “Өнөөдөр надтай хамт Төөгөөгийнх рүү явахгүй биз” гэж асуувал “Манай гэрт зочин ирнэ, уул нь хамт явмаар байна.....” бла бла бла тэр явахгүй гэнэ ээ, гэхдээ би ганцаараа очсон юм шүү, очсон, яадаг юм.

Төөгөөгийн талаар миний мэдэх зүйл тун ховор, хаана, хэнтэй амьдардаг, ямар зүйл сонирхдог, юунд дуртай зэрэг би алийг нь ч мэдэхгүй. Би тэр хүнийг зүгээр л яг байгаагаар нь харж, урд талын ширээнд хөгжилтэй зүйлс ярин бусадтай инээлдэх тэр инээд, харц, хөдөлгөөн бүрд нь дуртай байж билээ. Сэмээрхэн харж байгааг минь анзаардаг юм болов уу гэнэт над руу харахад нь харцаа маш хурдан доошлуулж амждаг ч улайсан хацрыг минь ажиглачих болов уу гэж санаа зовдогсон.

Бумбар багшаас түүний гэрийн хаягийг мэдэж аваад өдөр тийшээ тэднийх руу сажилж байх замдаа “чи юу хийж байна аа, бушуухан буцаач” гэж өөртөө мянгантаа хэлсэн ч хөл минь өөрийн эрхгүй урагшилсаар нэг л мэдэхэд тэдний үүдэнд ирчихсэн байсан. 52р байрны 22 тоот. Хэхэ итгэмээргүй юм, энийг би сая бичээд л анзаарлаа. Бид 2ын 5222 алхам. Уйлчих юм даа, би ч бүүр уйланхай болчихжээ, гашуун нулимсны амтыг өдөр алгасалгүй амталдаг болчихож, өглөө өдөр оройн зоогны даруулга гэж хэлж бараг болохоор.

Хаалганы хонх, хар хонх, бөөрөнхий хэлбэртэй, ганцхан удаа маш хурдтай дараад л гараа авав. Хэсэг хугацаа өнгөрч, хүн байгаа шинжгүй байхаар нь дахиад нэг дарах уу болих уу гэж бодож байтал хаалга түчигнэн цаанаас нь онгойлгох гэж тэмцэж байгаа бололтой. Хүрэн хаалга, саарал хар цамц, гуниг шингэсэн харц, би үүнээс цааш хараагүй, тэндээс юу ч хэлэлгүй, чадах чинээгээрээ хурдлан шатаар доош буухдаа өөрийгөө солиорчихож гэсэн бодолдоо гүн гүнзгий итгэсээр орцны хаалгыг нээн гэр хүртлээ бараг зогсолтгүй гүйсэн юм.

Би солиорчихсон, би Төөгөөг харсан.
Read more...

Saturday, February 13, 2010

Би түүнд ХАЙРТАЙ...

Жич: За хар бараан юмнаас болиод Валэнтинь өвөөд зориулж бас нэгэн гэгээлэг юм оруулъя даа энэ чинь.
Мөн бас нэгэн зүйлийг нэмж хэлэхэд энэ зүгээр л нэгэн гэнэт төрсөн бодлууд тэд нарыгаа хольж хутгаж гаргасан өгүүлбэрүүд минь шүү хэхэ.






Би түүнд хайртай. Түүнийг сонсох, түүнийг мэдрэх, түүнтэй амьдралын хязгааргүй уудам руу өөрсдийн хязгааргүй гүн төсөөллөөрөө сэлэн орж, тэндээ нэг нэгнээ зөвхөн бид 2 л бие биенээ мэдрэн суух гоё байдаг.


Үнэнийг хэлэхэд би түүнтэй уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ энэ бүхэн одоогоор миний төсөөлөл, ирээдүйд заавал ирэх ёстой биелэл. Түүнийг би анх хараад л дурласан, гэвч хажуугаас нь биш, өөр газраас. Хэнээс ч, юунаас ч мэдрүүлж чадахгүй тийм их эрч хүч, тийм их тэмүүллийг тэр надад өгч чаддаг. Энэ хорвоод эгээ л тэрэнтэй уулзаж, уулзаад төлөвлөсөн бодсон бүхнээ хамтдаа хэрэгжүүлэх гэж төрсөн мэт сэтгэгдэл толгойг минь өдөр шөнөгүй гашилгах боллоо.

Түүний хажууд ердөө л ганцхан хором ч болов байлгаж өгөөч гэж та бидний хүслийг дуулгавартай сонсогч өнөөх Бурхан гэгчид нь хүртэл залбирч үзсэнээ нуумааргүй, нуух ч үгүй. Ямарваа зүйлд, хэн нэгэнд ингэтлээ их хүсэж тэмүүлэн, зорьж зорилгоо болгож байсан тохиолдол амьдралд минь анхных бөгөөд эцсийнх л болов уу.

Түүнийхээн гүн гүнзгий, тум буман нууцыг өөртөө шингээсэн ариун тунгалаг харцыг тогтон ажиглах гэж, хархиран чангаар дур мэдэн орилох хэрнээ чихэнд минь ирж наалдахдаа уянгаас уянгын, яруугаас яруу тийм л ер бусын хөгжмийн нотыг тоглож байхыг сонсох гэж, хүйтнээс хүйтэн тэр л хүчтэй мэдрэмжийг төрүүлэхдээ ийм юм гэж байх үгүй байлгүй дээ гэмээр час халуунаар ирж тэврэн, өөрөөсөө салгалгүй халуун дулаан илчээр төөнөхийг нь амсах л гэж би чамайг хүсдэг, би чамайг хайрладаг.

Хорвоо дэлхий гариг ертөнц дээр ганцхан үнэн ээ чангаас чангаар хэлээч гэж хүн төрөлхтөн надаас асуувал:


Далай тэнгис минь Би чамдаа л хайртай..

гэж хэлэхсэн... (BonBon 22.01.10)
Read more...

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 4 Би Алуурчин биш...

Жич: Мөөжийгийн Тэмдэглэлдээ ариухан гэгээхэн хайр бичихгүй, бага зэрэг бараан тал руугаа болохоор хэрвээ та тийм юманд дургүй бол уншихгүй байгаарай гэж зөвлөе ^^


Өнөөдөр 4н сарын 29ний өдөр


Амралтын минь өдрүүд, нам жим хоёрын хоёр хос нүд шиг өдрүүд гэрлэн дохио солигдох мэт өнгөрч, ногоон гэрэл асан битгий болоосой гэж мянгантаа залбирсан ч нөгөө бурхан нь бодвол завгүй байсан юм уу намайг тоож сонсоогүй өнөөх өглөө тамынхаа бор хаалгыг өөрөө хамаг хүчээ шавхан нээгээд орсон, хар Даваа гараг эхлэх нь тэр. Боломжтой бол энэ ертөнцөөс зүгээр л явчих юмсан, намайг гэсэн хүн байдаг биш, хар бараан тас хар зузаан манан татсан амьдралаасаа би ер нь гэрлийн үзүүр олно гэдэг одоо бол бүүр бүтэшгүй тулаан, мөрөөдөл. Амиа хорлох талаар бодож үздэг болчихлоо ойрын өдрүүдэд, гэхдээ яагаад чи амиа хорлох гэж байгаа билээ гэсэн асуулт гарч ирэхээр би шалгалтандаа унасан сурагч шиг үг дуугүй болчихдог юм. Надад ядаж дүн гуйх багш ч байхгүй болохоор, чи унасан л бол унасан, аврал байхгүй, чамд шалтгаан байхгүй, тийм болохоор дуугүй дарлуулаад амьдарч бай гээд хэн нэгэн өөр би дотроос минь захиргаадаад байх юм. Сул дорой ч амьтан бол доо.

Чимгээ болон түүний бүлэг нөхдийн намайг дарлах нь түрүүгийн долоо хоногоор дуусаагүй бололтой. Ер нь энэ бүхэн хэзээ дуусах бол. Би хэзээ инээх бол, хэзээ хэн нэгэн гарч ирж намайг энэ ангалаас татаж авах юм бол. Хэн ч надад, ямар ч шалтгаан хэлэхгүй, яагаад гэдгийг хэлэхгүй хэрнээ тэр их зэмлэсэн уурласан өшөөтсөн харцыг яаж өгч чадаж байнаа. За яахав зүгээр яриад, шивнэлдэхийг би тэсч чадна, гэтэл өглөө хичээлдээ ирэх болгондоо өөрийнхөө байранд байх ёстой сандалыг энэ ангид ямар ч байсан байгаа гэсэн итгэлээр хайх үнэхээр хяслантай, өнөөдөр бүүр сандалаа олсон ч үгүй,ийм үед сандал минь хүртэл надаас нүүр буруулж дөрвөн хөл нь алхдаг болчихмооргүйсэн, би өөр арга олоогүй болохоороо Бумбар багшид хэлж үзлээ. Надаас үг сонссондоо итгэхгүү гайхан харснаа арай гэж итгэв үү гэлтэй ёжтой инээгээд “Та нар тэр сандалыг нь гаргаад өгчихөөч?” гэж хэлэв. Ангийхан тэр чигээрээ шоолон инээлдэнэ, чухам юу нь тийм инээдтэй байсныг ганцхан би л тэнд ойлгоогүй. Би ч хошин шогийн мэдрэмж муутай хүн гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ л... “За яахуу би сандалгүй, яадаг юм би сандалгүй, та нарын сэтгэл ханаж байна уу муусайн новшнуудааааа” яг ингэж орилмоор байсан ч үдүүлчихсэн юм шиг ам хөдөлсөнгүй, тэдний өмнө сул байхгүйг хичээсэн ч хоолой зангираад ирсэн, өөрийгөө тэд нартай нийлж үзэн ядах. Новш.

Гэхдээ энэ өдрийг ганц чимэгтэй, баяртай баясалтай болгож өгсөн зүйл байсааан. Би сандалгүй, яахаа мэдэхгүй, яадаж нулимсаа яаж нүднээсээ дусаахгүй байхаа бодоод зогсож байтал Алтан Загас минь, тэр минь надад сандалныхаа талыг тавьж өгөөд толгойгоороо “энд суу” гэж байгаа бололтой дохио өгсөн гээ бод доо. Би цурхираад уйлчихмаар л санагдсан, болдог бол, чаддаг бол хүзүүгээр нь тэврээд “чи бол хамгийн сайн найз” гээд л хэлчихмээр байсан. Дуугүйхэн суусны дараа тэсч чадалгүй дэвтэр дээрээ дуслуулж байсан нулимсыг минь Алтан Загас харсан, тэр дөрвөн хана, гурван цонх, нэг цагаан таазтай анги доторх ганцхан хүн л намайг мэдэрч, өрөвдөж, ойлгосон. Хөөрхий минь яахаа мэдэхгүй барьц алдаж байсныг нь би хэнээр ч хэлүүлэлтгүй анзаарсан болохоороо аль болох эвгүй байдалд оруулахгүйн тулд хурдхан нулимсаа дотогшоогоо залгихыг хичээж байлаа.
Хичээл дуусах дөхөж байхад ангийнхны шивнэлдэх чимээ чихнээ ирж сонсогдож эхлэв. Мэдээж л дээ одоо тэд Алтан Загаст дургүй болчихсон, уучлаарай чамайг ийм байдалд оруулсанд Алтан Загасаа. Бид 2ыг хооронд нь янз бүр болгон шивнэлдэж байгаа нь хорин хутга зэрэг билүүдэж байгаа юм шиг л дотор муухай оргиулна. Энэ бүхнийг гэхдээ ашгүй нэгэн хүний хаалга татан орж ирэх нь зогсоосон, нэгэн цагдаа ахын.

Түүний орж ирээд багштай сэмхэн ярилцах, тэгээд ангийхан руу нэг нэгээр нь харах, удалгүй тэр харц над дээр тогтох, тэр тогтолт бусад дээр байснаас удаан байсан зэрэг энэ бүхэн огтхон ч таалагдсангүй. Над руу яг л цоо ширтээд байгаа юм шиг санагдсан, би чинь юу болвоо нээрэнгээсээ Төөгөөг би алчихсан юм болов уу, яагаад энэ бүхэн надад аймшигтай, би жинхнээсээ буруутай юм шиг мэдрэмж төрүүлж, тэр ангиас цагдаа ахад баривчлуулж гав зүүхээсээ өмнө гараад зугтчихмаар санагдаад байсныг одоо энд бичиж суухдаа ч ойлгохгүй байсаар..

“Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт буюу 4 дүгээр сарын 24ний шөнө Төөгөөтэй уулзсан хүн байна уу” гэж асуусан. Мэдээж тэр нь би, би уулзсан, тэхх “Надтай үерхээч” гсн санал сонссон, гүн шоконд орж гайхсан, дурласан түүнийгээ нүдэнд харагдахаа болих хүртэл нь харцаараа үдэж өгсөн тэр орой. Бүгд чимээгүй хоорондоо ярилцах нь. Удалгүй манай гол дүр Чимгээ босч ирээд “Тэр орой бид нар давтлага тарахад хамгийн сүүлд Мөөжийг хүргэж өгнө гээд Төөгөө хамт гарсан” гэж хэлэв. Хэн чамаас гуйв аа, хэн чамайг ийм нийгмийн идэвхитэй болгоод төрүүлчихвээ, ээ бурхан минь яадаг муу тамаас над руу илгээсэн сахиусан тэнгэр минь вэ. Муу адгийн охин, түүнийг үзэн ядах, бүх л биеийг нь, тэр чигээр нь, яс үндэс, ур удам, угсаа гарал, түүнд хамааралтай бүх юмыг үзэн ядах, түүний барьсан хогийн ягаан өнгийн үзгийг хүртэл үзэн ядаж байна. Новш.

Цагдаа ах намайг нүдээрээ хайж олоод “миний дүү санаа зоволтгүй, ах нь хэдэн асуулт л асууя, бас хэлэх юм байна” гээд намайг нөгөө миний дургүй ангиас авч гарахаар гарнаас зуурав. Үгүй ээ би дургүй ч гэсэн энэ ангидаа, сандалгүй ч гэсэн ширээнийхээ ард үлдэе гэж хичнээн их хэлмээр байсан гээч. Цагдаа ах надад зөндөө л юм ярив, бас асуув, би чадахаараа л олон үг дуугарахыг хичээж, дэлгэрэнгүй ярихыг оролдож байв. Гэхдээ түүнтэй ярилцсанаар би маш том гурван асуултын хариултыг авч чадсан юм. Юу вэ гэвэл:

1. Төөгөө үхсэн, энэ бол үнэн.
2. Төөгөөг би алаагүй, тэр буцах замдаа хүнд алуулсан, надад биш өөр хүнд, гэвч алуурчин нь олдоогүй.
3. Төөгөө надад үнэхээр сайн байсан. Учир нь түүний түрийвчнээс миний зураг олдсон.
Read more...