Friday, May 22, 2009

Саарал үзэгнээс унасан үгс


Саарал үзэгнээс унасан үгнүүд

Сонин содон дүрсүүдээр дуулалдана
Сонссон таны унших нүдэнд
Сонгодог хөгжмийн аялгууг тоглоно

Хөл доороос гижигдэх өргөсгүй навчийг
Хэн нэгэн нь тасдаад шидчихсэн
Хорон санаатай тэр тэнгэрийн дагиныг
Хайсаар байгаад навчны ээжийг олсон

Дээвэр дээр ургасан цэнхэр модны
Дэлгэгдсэн навч нь улаан юмуу
Дээрээсээ уншигдах энэ шүлгийг
Доороос нь эхлүүлж болдоггүй юмуу

Утгаа 99 хувь алдахгүй тэгээд ч
Урдаасаа эхлэж бусдыг дуурайхгүй
Уншаад үзнэ биз итгэхгүй бол
Угаасаа миний 16н мөрт ойлгомжгүй.



Wednesday, May 20, 2009

Бороондох бодлууд...

Өнөөдөр гадаа бороо орж байна
Өнгөт орчлонг саарлаар будна
Өөр өөр хүмүүсийн сэтгэлд
Өнгө өнгийн аялгууг шивнэнэ

Гундайн зогсох тэр охины дээрээс
Гунигаар шивэрсэн бололтой энэ бороо
Гоцолж тоглосон хайрынх нь жүжгийн
Гал нь унтарч бөхсөн бололтой

Урагшлан алхах залуугийн зовлонг
Угаасан бололтой асгарах бороо
Учир нь тэр цалингаа авсан, өрөө төлсөн
Уут дүүрэн юмтай гэрийн зүг яарна

Тас тэврэлдчихээд үнсэлцэж буй хосыг
Тэнгэр шагнаж байгаа бололтой
Дурсамжийн цомогт нь нэмэгдэх энэ өдрийг
Дуслах бороо зурж өгч байгаа бололтой

Би харин хөгжмөө сонсоод
Бөнжигнөх дуслуудыг харан инээмсэглэж
Бороог миний л адил бишрэгч түүнийг
Бодон бодсоор цааш алхана


Танд мөн өөртөө зориулсан мөртүүд...


Эргэлдэх шоо шиг таахын аргагүй
Энэ амьдралыг
Эмгэнэлт жүжиг адил гомдоохын аргагүй
Энэ жаргалыг

Чамд гээд заяасан тэр амьдралыг
Чамлаж бүү хяс, нисээд одохвы
Чамаас л гуйгаад ирсэн энэ амьдын жаргалыг
Чанга атгаад ав, орхиод явчихвы

Ганцхан заяадаг юм гэнэ шүү тэр агуу хайр
Гараас нь бүү тавиарай, үүрд өөртэйгөө гинжил
Гуйгаад гуйгаад олддоггүй юм гэнэ шүү, тэр заяаны хань
Гэнэдээд алдаж болохгүй шүү, үүрд хайрлаж яв

Мөнхөд дэргэд чинь суудаггүй юм гэнэ шүү,
тэр сайхан залуу нас
Мөдхөн гундахаас нь өмнө зарцлаад ав,
босоод явчихвы
Мөч бүхнээр цохилж байдаг юм гэнэ шүү,
тэр үнэт цаг хугацаа
Маргаашийг хүлээлгүй бүхнийг амжуул,
жингэнэхээ больчихвы

Friday, May 1, 2009

Шүхэртэй залуу


Нууцлаг болохоор чинь би чамд татагддаг
Нуугддаг болохоор чинь би чамайг хайдаг
Хүлээдэг болохоороо би чамайг мартдаггүй
Хэлдэггүй болохоор чи намайг ойлгодоггүй

Чи надад нээгдээгүй шинэхэн хөзөр
Чихэнд шивэгнэх шидэт үгс
Чимээгүйхнээр дуслах шиврээ бороо
Чиглээд алхах шүхэртэй залуу

Гүүрний захад нэг нэгнээ ширтэн
Голдоо уулзахаар хоёул хүлээнэ
Хэн нь түрүүлж алхахаа мэдэхгүй
Харцнаас харцанд дайныг мандуулна

Чи надад нээгдээгүй шинэхэн хөзөр
Чихэнд шивэгнэх шидэт үгс
Чимээгүйхнээр дуслах шиврээ бороо
Чиглээд алхах шүхэртэй залуу