Monday, November 29, 2010

Picture of us : ) Picture of me : (

//** Та хэрвээ жаргалтай байвал үүнийг уншаад хэрэггүй, учир нь одоо миний өгүүлэх гэж байгаа зүйл гунигтай, гэхдээ гунигтай ч гэлээ цаад санаа нь сайхан юм аа..
Та хэрвээ гунигтай байвал үүнийг уншаад хэрэггүй, учир нь улам ч гунигтай болгож мэднэ, гэхдээ магадгүй урам хайрлаж ч болох юм.
Унших гэж байгаа танд баярлалаа :) **//





Бороо шиврэнэ.

Цонхны урдуур сүүмэлзэн сэвэлзэх хөшгийг таттал гаднаас дур мэдэн орж ирэх хөнгөхөн салхины аясаар ширээн дээр тоос даран хэвтэж байсан зураг газарт унах нь тэр. Охин уг зургийг сөхөж харахаас айна, сайхан дурсамж дурдатгал, нэгэнт өнгөрч түүнийг орхиод явсан бүхэн уг зурагны нүүрэнд байгаа гэдгийг тэр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Гэсэн хэдий ч шаналсан сэтгэлээс нь гарах намуухан эгшигэнд хөтлөгдөн зургийг газраас авч харахаар шийдэв. Дэрээ норгон өнгөрүүлсэн шөнүүдийн тоо хэдий 100 хол давж, өнгөрсөн бүхэнтэй эвлэрч чадахгүй, эвлэрэхийг ч хүсэхгүй байгаа болохоор түүний тархинд бусад шиг дурсамжаа хараад “өнгөрсөн явдал даа” гэж бодох тэнхэл өдийг хүртэл суухгүй байсаар байгаа. Хэтэрхий их хайртай байсан, орхиод явахад нь тэврээд үлдээе гэсэн ч тийм их тэнхэл түүнд байгаагүй, буцаад ирнэ гэж олон шөнө залбирч хоносон ч бурхан түүний хүслийг сонсож чадаагүй юм болов уу, ямартай ч тэр буцаж ирээгүй. Цог асдаг байсан харцанд нь гунигийн манан нэгэнт хурж, гашуун нулимс түүх өгүүлэх шиг нүднээс нь хацар даган доошилж эхлэхэд охин зураг руу, зурган дээрх залуу руу, тэдний жаргалтай мөч рүү цаг хугацаагаар аялан очсоноо мэдрэнэ. Ямар их жаргалтай байж вэ, тэр хоёр нэгнээ хайрлаад л, хамтдаа байвал л бүх юм сайхан болно гэж итгэдэг байсан тэр мөч. Цаг хугацаа олон зүйл ойлгуулна, үнэн гэж байсан ч тэр нь худлаа байсан гэдгийг сүүлд н ухааруулж, итгэсэн боловч итгэх ёсгүй байсан гэдгийг хуурсан хойноо л хэлнэ. Тэр л үед бүх зүйлийг мэдсэн байж орхиж чадаагүйдээ харамссан ч, жаргасан хайрласан хамт байсан цаг мөч бүхэн нь түүнээс хэд дахин хүчтэй тул өөрийгөө буруудсан гэж огт бодох эрхгүй. Охин үргэлжлүүлэн зургийг ширтэн сууна.


Дууссан.



Навч хаялана.


Модны мөчир, мөчирөөсөө салахыг хүсэхгүй байгаа тул байдаг чадлаараа зүүгдэх шаралсан навчнууд нарны хурц гэрлийг халхлавч, алтан шаргал туяа нь тэдний завсраар нь зурвас зурвасхан тусах нь хос хоёрын жаргалтай өдрийг өнгө өнгөөр чимнэ. Ойр хавьд олон хүн байсангүй, нуурын эргээр цагаан хар хоёр хунгийн гангар гунгар хийн хөвөхийг ширтэнгээ, дулаан илчээрээ хоёр биенээ налан суугаа охин залуу хоёрын харц нь хайраар дүүрчээ. Тэрээр яг энэхэн хормыг зургийн хальсанд мөнхлөхөөр хоёул санал нэгдэв. Залуу гараа сунган зургийн аппаратаа холхоноос барьж байгаад хоёр биенийхээ дээх н талаас зургийг даржээ. Энэ зураг хосгүй гоё зураг байх ёстой, тэр хоёрын хувьд тэдний хамгаас гоё мөчүүдийн нэг, нандигнаж явах зураг. Охин зургаа үзэхээр аппаратыг авч зураг үздэг товчруур дээр дарлаа. Нарны сүүмгэр туяанууд тэдний хувцсан дээр тусчээ, хоёулаа ямартай ч тун жаргалтай байгааг уг зургийг харсан хэн ч хэлж чадахаар байв. Охин дахин зураг авахаар дарах гэхдээ санамсаргүйгээр өөр товчлуур дээр дарчихтал нэгэн өөр зураг гарч ирэв. Залууг анзаарсан боловуу хэмээн хамт үзэхээр түүн рүү харсан ч, далавчаа дэвэн нисэхээр завдах хос хунг бахархан ширтээд завгүй байлаа. Охин зургийг сайн ойртуулж харвал гартаа нэгэн зүйл атган сууж байгаа бүсгүй байв. Тэр бүсгүйн царай сайн харагдахгүй байлаа. Дахин ойртуулав. Харц нь ямар их гунигтай юм бэ, энэ бүсгүй уйлж байна, энэ бүсгүй гартаа барьж буй зургаа харан уйлж байна, энэ бүсгүй хэн бэ. Тогтож сайн харвал тэр огт танихгүй бүсгүй, түүний хамгийн сайн таньдаг хүн нь болж таарах нь тэр. Тиймээ тэр бол өөрөө байлаа, тэр охин, түүний ирээдүй байсан. Гартаа сулхан барьж байгаа нь дөнгөж саяхан дарсан охин залуу хоёрын зураг мөн. Охин ирээдүйд юм бүхэн ямар байхыг яг л тэр хоромд мэдсэн. Бүх юм өөрчлөгдөнө, тэр шанална, хязгааргүй их. Ирээдүйгээс ирсэн энэ зураг бол бурхан гээч зүйл байдаг бол тэр нь түүнд олгож байгаа хоёр дох боломж байсан юм. Тэр самгардаж эхлэв, эхэндээ энэ бүхэнд итгэхийг хүсээгүй ч бүх зүйл яг ийм болно гэдгийг сэтгэл дотор нь хэн нэгэн батлаад байх шиг түүнд орилох мэт чангаар дахин дахин хэлнэ. Охин залуу руу харлаа. Маш тайван дөлгөөхөн харц охины бэмбэгнэн чичрэх айдсыг бүхэлд нь аваад өлгийдөн бөөцийлөх мэт, өнөөх орилон хашгирах чимээг хайрын уянгат дуу болгох мэт залуугийн байдал бүхнийг өөрчлөв. Хайртай, охин түүнд хайртай, тэр түүнд яг энэ мөчид зүйрлэшгүй их хайртай, хэтэрхий их жаргасаныхаа шанг ирээдүйд хүртсэн ч хамаагүй охин энэ сонголтыг л хийнэ. Ирээдүйд амсах зовлонгоос сэргийлэхээр бурхан охинд хоёр бүүр гурав, бүүр хэдэн мянган боломж олгосон ч байлаа охин нэг л сонголт хийнэ, охин залууг дахин дахин сонгоно, учир нь охин тэнэг гэхдээ залууд ухаангүй хайртай, түүний хайр хамгаас хүчтэй. Охин өнөөх зургийг сүүлчийн удаа хараад устгах товчлуурыг дарав.


Эхэлсэн...

/Б.Хулан 2010.11.30/



Thursday, November 11, 2010

Цэцэг ургасан.


Хөлгүй далайд төөрөн сэлэх загас би байсаан
Хаачихаан мэдэхгүй тэнүүчлэн нисэх болжмор би байсаан
Хатуу чулуунд цохигдон урсах голын урсгал би байсаан
Хүний орчлонд ганцаардан алхах охин би байсаан

Давалгааг сөрөн аялах усан онгоцонд загас дурласан
Далавчаан дэвэн жигүүрлэх хангарьдад болжмор дурласан
Дөлгөөхнөөр цэнхэртэх нуурын усанд голын урсгал дурласан
Дулаахан харцаараан намайг ширтэх чамдаан би дурласааааан...