Өнөөдөр 5н сарын 13ны өдөр
Бүх юм ил болсон. Аллагын эзэн, алуурчин, Төөгөөг хорвоогоос холдуулж чадсан тэр хүн хэн бэ гэдгийг бүгд мэдсэн. Энэ тухай олон зүйл нуршихын оронд өглөөхөн уншсан сонингийн нийтлэлээс дурдая.
4р сарын 24ний шөнө Баярсайханы Төгөлдөр золгүйгээр хүнд алуулсан, гэмт этгээд олдсон. Их хэмжээний бэртэл авч, хамгийн сүүлд нь маш том хүнд модоор толгой тушаа газар нь цохиж хороосон. Зодоон гарсан газар дах гэрчийн этгээдийн мэдээллэсний дагуу сэжиглэж байсан хүнээ гэмт хэрэгтэн гэдгийг нотолж чаджээ. Хэдийгээр хийсэн хэргээ хүлээхгүй байгаа ч гэсэн аллага үйлдсэн нь талийгаач Төгөлдөрийн цамцан дээрх цусны толбо зэргээс нь түүнийг мөн гэдгийг мөн батлаж чадсан. Нөхөр Жавхлан нь талийгаач Төгөлдөрийн сурдаг сургуулийн дээд ангийнх бөгөөд зодоон үүссэн шалтгаан нь охинтой холбоотой гэнэ...
Талийгаачийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье....
Сонинд бичсэн нийтлэл ерөнхийдөө иймэрхүү байсан санагдаж байна. Энэ тухай өглөөний сонингоос ээж уншчихаад танай ангийн хүүхэд мөн үү гэж асуугаад надад өгөхөд нь би сандран авч уншсан. Хэргийн зангилаа тайлагдсан, хэн гэдгийг мэдсэн, гэхдээ энэ тухай сургууль дээр очоод л Жавхлан гэгч хэн болохыг мэдсэн юм. Чимгээгийн найз залуу. Яагаад тийм зүйл хийснийг би мэдэхгүй ч, миний таамаглаж байгаагаар Чимгээг Төгөлдөртэй хардсан юм болов уу, үнэндээ яг ямар шалтгаан гэдгийг сайн мэдэхгүй өнгөрсөн, энэ тухай надад ярьж өгөх хүн ангид байхгүй. Гэхдээ тэр хамаагүй ээ, хамгийн гол нь Төөгөөгийн маань сүнс тэнгэрт амгалан нойрсож чадахаар боллоо. Уучлаарай, дэргэд чинь байж хамгаалж чадаагүйд, сэтгэлийг чинь эртхэн ойлгож чадаагүйд, хариу хэлэлгүй хүлээлгэсэнд, намайг бүх зүйлд уучлаарай Төөгөө.
Өнөөдөр ангид нам жим, бүгд л нэгийг ярилцана, Чимгээ хичээлдээ ирээгүй байсан. Яагаад ч юм түүнийг маш их өрөвдөх шиг. Алтан загас ч бас бусдын адил цонхийсон царайтай байсан ч намайг дахиж энэ ангийнхан зовоохгүй гэхэд санаа нь амраа юм болов уу, цаанаа л баяртай харагдаж байсан. Нээрээ түүний жинхэнэ нэрийг Энхмөнх гэдэг. Хичээл тараад надтай хамт манайх руу явж, намайг хүргэж өгсөн. Замдаа надад зөндөө юм ярьж өгсөн ч миний толгойноос Төөгөөгийн тухайх бодол салахгүй байсан юм, үнэндээ түүний юу ярьсныг санахгүй байна. Гэхдээ цаг хугацаа улиран өнгөрөхөд энэ бүхэн мартагдаж, хэзээ нэг өдөр зүүдэлж байсан зүүд шиг бүдэг бадаг үлдэх байх гэж бодох хэдий ч, ийм тод зүүд мартагддаг эсэхд эргэлзэх. Ямартай ч Төөгөө миний өнгөрсөн амьдралын дурсамжинд маш зузаан, чухал түүхийн хуудас хэвээр үлдэнэ. Яг өнөөдрөөс би дахиж тэмдэглэл хөтлөхгүй ээ, энэ дэвтэр, энд бичсэн бүхэн Төөгөөтэй хамт миний дурсамжинд л үлдэж, шинээр ирэх өглөөг инээмсэглэлээр угтаж сурахын тулд хичээх болно. Ингээд дэвтэр минь, Төөгөө, өнгөрсөн хэдэн өдрүүд минь бүгд баяртай.
...........................................................
Саарал хавтастай дэвтэр дээр бичигдсэн бичмэлүүд дуусч, цаашаа үргэлжлэх хуудаснууд цагаан өнгөтэй, бичиг бичихийг хүлээх мэт горьдонгуй харна. Гэхдээ дэвтрийг зөөлхөн хаав. Энэ бүгдийг уншиж дуусаад түүний бодолд тэр өдөр болсон бүхэн нэг нэгээрээ орж ирэв.
“Цус нөжиндөө хутгалдан, бараг л алхаж чадахаа больтлоо зодуулчихаад мөлхөх шахуу түүнийг явж байхад хамгийн түрүүнд харагдсан зүйл бол хажууханд байсан том мод. Хайртай охиныг нь түүнийг хэзээ ч хайрлахгүй болгож байгаа энэ залууг яг одоо л ингээд зүйл дуусгачихвал чамд боломж байгаа гэсэн бодол зурс хийн орж ирэв. Бүх зүйл яг нүд ирмэхийн зуурд л өнгөрсөн, хамаг хүчээрээ нэг цохисон, тэгээд модоо хаяаад зугтсан, нэг мэдэхэд гэрийн үүдэндээ ирэн амьсгаагаа даран зогсож байлаа. Тэр өөрийгөө солиотой новш гэдгээ мэднэ, гэхдээ үүнийгээ амьдрал дээр нууж чаддаг ч, гэнэт орж ирсэн бодлоо биелүүлж чадсандаа, хэнд ч баригдалгүй зугтаж чадсандаа цээж нь дүүрч нэг л мэдэхэд ганцаараа чанга чанга инээн шатаар дээш өгсөж байсан. Энэ миний буруу биш, чиний л буруу, хэн чамайг миний замд хөндөлс гэсэн юм. Хохь чинь... “ гэх бодлууд, яг л тэр үед буцаад очсон мэт сэтгэл тэнэгэр, дэндүү их баярлан, яг л солиорчихсон хүн шиг нүд нь тогтохгүй эргэлдэн ам нь мушилзан зогсоно. “Миний хайртаа, маргааш чи хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй, би эрт амжуулах ажилтай” гэж Мөөжийгийн орилох дуунаар Энхмөнх Төөгөөг алж байсан тэр өдрийн бодлоосоо гэнэт цочин гарч ирэв. “Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэлийг” сэмээрхэн байсан байранд нь тавиад хайрт руугаа очин буйдан налан суухдаа юу ч болоогүй мэт хүүхдээ өргөн авч эрхлүүлэв.
Цонхон дээр цагаан цас ширхэг ширхэгээр будрана, цагаан тагтаа цонх налан тэднийг ширтэнэ...