Tuesday, June 16, 2009

Анхны хайр нь болохсон...

Эр хүний зүрх гэдэг дэлгэгдээгүй цэцэг юм уу
Эм хүн шиг дэлбээ бүрээр зориулагддаггүй юм уу
Эдлэх насанд нь бэлгэнд авсан ганцхан бүсгүй нь
Эмзэглүүлж хатаавал буцаагаад авах нь ховорхон юм уу


Тиймээс би...

Модоор урласан хүрэн сандлын дээр
Мөчирнөөс дусалсан шүүдрийн усан доор
Тэнгэрээс харвасан бяцхан одыг хараад
Тэндээс гуйсан хүсэл минь ганцхан байсан

Түүнийхээ би анхны хайр нь болох юмсан...



Хязгааргүйгээр хайрлах нь анхныхаар дуусдаг юм уу
Хэнд ч хэлээгүй гурван үг нь тэгэхэд л үнэн байдаг юм уу
Хууртагдсан цэцэг нь итгэлээ нэгэнт алдвал
Харцанд нь ганцхан хайр нуугдах нь ховорхон юм болов уу


Тиймээс би...

Модоор урласан хүрэн сандлын дээр
Мөчирнөөс дусалсан шүүдрийн усан доор
Тэнгэрээс харвасан бяцхан одыг хараад
Тэндээс гуйсан хүсэл минь ганцхан байсан

Түүнийхээ би анхны хайр нь болох юмсан...


Tuesday, June 2, 2009

Би байсан...


Намайг амьдралаас минь аваад явсан
Намрын тэр нэгэн жихүүн үдшээр
Нартад удах тавьлангүйдээ гунихдаа
Нүдэндээ биш цээжиндээ би мэгшсэн

Насан туршдаа хайрласан хайртыгаа
Нэг л орой ингээд орхиод нисэхдээ
Нуугдаж амжаагүй үхлийн жихүүн салхийг
Намайг сонгосонд нь үзэн ядсан

Тэнгэрт нисээд удаагүй байтал
Тамгалаад хаячихсан газарт намайг
Тэнд их хүйтэн бас тухгүй
Таарсан бүхэн дээрээс минь гишгэлдэг

Хайрттайгаа өнгөрүүлсэн жаргалтай зуныг
Хоолой зангируулан бодон хэвтэхдээ
Наймхан сарын дараа хорвоод мэндлэх
Нахиалан торьнох бяцхан үрээ өрөвдсөн

Амьддаа би хүмүүст жаргал хайрладаг
Амьд бүхэнд цэвэр агаар бэлгэлдэг
Алтан шаргал болоод ниссэн оддог
Анзаарч та ойлгосон бол би навч байсан...