Monday, May 16, 2011

Улаан пальтотой бяцхан охин



Хэдэн өдөр өрөөндөө шигдэж суусаар байгаад ядарч тамирдсан би гэдэг хүн багахан ч гэсэн агаар салхитай уулзахаар шийдэн гадагш гарч цэцэрлэгийн сандал дээр ирэн суув. Жижигхэн хар цүнх үүрсэн, улаан өнгийн пальтотой бяцхан охин хажуугаар зөрөх үед яагаад ч юм би тэр охиноос нүдээ огт салгаж чадсангүй. Барагцаалвал зургаан настай байхаар тэр охины чухам яг юу нь миний анхаарлыг ийм ихээр татаж байгааг өөрөө ч ойлгохгүй байсаар зүгээр л түүн рүү тасралтгүй ширтэнэ. Саяхан жиргэж байсан шувууд, жаргалтай мишээж байсан нарны туяа, хөнгөхөн исгэрэх навчсын чимээ бүгд гэнэт л чив чимээгүй болон бүх зүйл нам жим, хорвоо ертөнц тэр аяаараа унтчих шиг санагдана. Эргэн тойрноо ажиглан, уг гэнэтийн үзэгдлийг мэдэх хэрэгтэй мэт санагдавч, надаас холгүйхэн байрлах намхан хашлаган дээр эвтэйхэн гээч нь суугаад өнөөх хар цүнхэн дотроосоо жигнэмэг гарган амтархан идэж суугаа охин анхаарлыг минь соронз шиг л татах нь үнэхээр хачирхалтай. Охин жигнэмэг гартаа атгасаар аажуухан толгойгоо өргөн над руу ширтэхэд гэнэт харц тулгарсандаа цочих шиг болсон ч аль болох тайвнаар түүн рүү хөнгөхөн инээмсэглэхийг хичээв. Харин тэр хариу инээмсэглэлгүйгээр над дээр туссан харц нь шилжин миний хажуу руу харах нь тэр. Яг тэр мөчид хажуугаас минь нэгэн эрэгтэй хүн босоод алхав. Хар өнгийн хослол, хар цамц, хар зангиатай уг залууг яагаад хажууд сууж байсныг огт анзаараагүйдээ гайхсан ч түүний дэлгэн барьсан гүн цэнхэр өнгийн шүхэр улам их анхаарлыг минь татна. Залуу намуухан алхалсаар охины дэргэд ирж суугаад түүн рүү дөлгөөхнөөр инээмсэглэн чихэнд нь ямар нэгэн юм шивнэнэ. Охин анхааралтай сонсохын сацуу надруу харсан харцаа бууруулсангүй, би ч бүүр гайхаж хоцров. Ер нь яг юу болоод байнаа, би энэ хоёрыг таних билүү, тэр хоёр миний тухай ярьж байгааг нь би зөнгөөрөө мэдэрч байсан юм. Өнөөх залуу шүхрээ хураан охины бяцхан гарт атгуулаад над руу харж инээмсэглэмэгцээ тэндээс босоод явмагц охин хашлаганаас өндийн, өнөөх жигнэмэгээ цүнхэндээ буцааж далд хийгээд яг өөдөөс минь чиглэн алхсаар удалгүй урд минь ирж зогсох үед нэг л жихүүдэс айдас төрөөд явчихна тэр.
“Эгч ээ битгий ай, надаас айх хэрэггүй. Саяны ах намайг танд энийг өгөөрэй гэсэн юм” гээд өнөөх хачин цэнхэр шүхрийг надад өгмөгцөө
“Тэгээд бас танд бүх зүйл сайхан болно оо. Таныг дахиж өвдөхгүй гэж хэлүүлсэн” гээд дотноор инээмсэглэнэ. Би бүүр түүний ярьсныг ойлгохыг хичээн толгойгоо гашилгаж суутал охин дээр нэгэн цагаан өнгийн хувцастай бүсгүй ирэн юм асуусан ч түүний яриа надад сонсогдсонгүй. Удалгүй надруу харан нэг юм асуугаад л байгаа бололтой, харамсалтай нь би сонсож чадахгүй байсаар.
“Уучлаарай би таныг огт сонсохгүй байна” гэж намайг хэлэхийг ердөө ч тоосонгүй, охин руу эргэж хараад юм асууж байгаа бололтой, харин охин хариуд нь надад болон тэр бүсгүйд бүх зүйлийн хариултыг хэлж өгсөн юм.
“Сувилагч эгч ээ, энэ эгч энд байхгүй ээ, сая нэг ах ирээд түүнийг аваад явчихсан.” гэж хэлэхэд гэнэт тогонд цохиулах шиг л болов. Би үхчихсэн юм гэж үү, би үхчихсэн юм байна, ердөө л нүд ирмэхийн зуур би үхчихэж гэж бодохтой зэрэгцэн яагаад ч юм асар их тайвшрал, амар амгаланг мэдрэх шиг болов. Бүх бие минь цовоо сэргэлэн, сульдаж ядарсан мэдрэмж өчүүхэн ч алга, ханиалгаж бүгшүүлэх маань ч зогссоныг анзаарав. Нээрээ л охины хэлснээр биед минь өвчний нэг ч ул мөр байсангүй. Би жаргалтайгаар мишээсээр цэнхэр өнгийн шүхрээ дэлгэн, сууж байсан газраасаа босоод надад нээгдэж байгаа шинэ ертөнцийг чиглэн алхахдаа Амьдралд би сүүлчийн өгүүлбэрээ хэлсэн юм. “Баярлалаа Амьдралаа, чамтай танилцаж, чамтай нөхөрлөж хамтдаа жаргал зовлонгоо хуваалцан цаг хугацааг туулахад үнэхээр сайхан байлаа, хэзээ нэг өдөр хоёулаа эргээд уулзах болохоор тэр өдрийг хүртэл түр баяртай.”


/Б. Хулан 2011.05.16/

Sunday, May 8, 2011

Би хааччихваа...

Блогоороо жаал хэсэв, ямар ч идэвхитэй байсан юм бэ дээ. Шүлгийн мөрнүүд гараад л гараад л өгүүллэг өгүүлэмж зохиогоод л, одоо тэр хүн хааччихсан юм бэ. Би хааччихваа. Амьдрал яг л нэг шугаман зураасаар үргэлжлээд л юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт боловч үнэндээ энэ гурван жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдөж ээ. Анх нэг найзтайгаа танилцаад насаа хэлэхэд гадарласан юмаа харцнаас чин мэдэгдэж байна гэж хэлж байсан санаанаас гардаггүй юм. Одоо тэр харц гурван жилийн дараа маш их өөрчлөгдсөн дөө гэж бодохоор гунигтай ч юм шиг. Их л цоглог байж дээ, бухимдаж уурлана гэдэг зүйлийг ховорхон үздэг байлаа, юманд тэгтлээ их санаа зовж , шөнө бодож хэвтдэггүй байж, сэтгэл амар сайхан байж ээ. Тархинд хуралдсан олон асуудал байхгүй болохоор шүлэг бичихэд амар байдаг юм болов уу, тархи илүү сул чөлөөтэй байдаг болохоор сэтгэх хүрээ илүү их байдаг юм болов уу. Нэг бодлын тийм боловч нөгөөтэйгүүр бол амьдрал үзэх тусам үзэг улам хурцлагддаг байх л даа. Гоё шүлэг, өгүүлэмж бичмээр байна, сая хуучин бичиж байсан "Намайг Зовлон гэдэг" хэмээх зохиомжоо уншлаа. Иймэрхүү санаа дахиж хэзээ орж ирэх юм бол доо гэж бодогдсон. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг л, ямарваа нэг шүлгээ уншихад тухайн цаг үед юу юу болж байсан гээд л дурсамжууд санаанд буух юм. Сайхан нь ч байна муухай нь ч байна. За даа мөн ч олон юм нуршлаа даа, блогтоо ямар ч байсан агаар оруулах цаг болсон гэж бодоод ядаж иймэрхүү дүгнэлт бичээд үлдээмээр санагдлаа. Блог минь сайн уу чамдаа удахгүй буцаж ирэхийг хичээнээ.

Tuesday, February 15, 2011

Knock Knock Knocking on heavens door...

хаха ичиж үхмэрий гэхдэ яаху анх уда ийм бичлэг хийж үзлээ
Гитар тоглож бол дөнгөж суржаа, дуулна гж авах юмгү гэхдээ би зоригтой аа наасс :))


Tuesday, February 8, 2011

Хайрын гуйлгачид

Өмнөх үг:

Хэдэн мөр холбомоор санагдаад, толгойдоо үгнүүд бодож байтал юу ч бодож байлаа ямар ч байсан “гуйлгачин” гэдэг үг санаанд оров. Гуйлгачин гэхээр би энэ сэдвээр юу бичиж чадах вэ гэж хэсэг бодлоо л доо, олигтой юм толгойд зурагдсангүй, гэтэл гуйлгачинг “хайр” гэдэг үгтэй хослуулбал гээд бодтол харин цаашаагаа шүлгийн мөрнүүд зурайгаад ирдэг юм байна хэхэ. Энэ шүлгийг бичиж байх явцдаа, бичигдэж байгаа шүлэг маань өөрөө надад юм юм ухааруулаад эхлэчихвээ. Би ер нь их азтай хүн юмаа. Аав ээжийнхээ тухай бодож, тэднийхээ талаар энд бичмээр санагдсан юм.
Аав ээж маань өдөр ирэх бүрт улам л нэг нэгэндээ хайртай болоод байгаа нь харагдаж, хааяа бүүр жоохон хүүхдүүд шиг санагдаад инээд хүрэх үе ч гардаг. Энэ амьдралаа тэр хоёр маань бүүр доороос нь өдийг хүртэл гар гараа чанга атган зүтгэсээр босгоцгоосон. Харин одоо Бат-Эрдэнийнх гэдэг айл баян хангалуун, өр ширгүй, идэх хоолтой, унах машинтай, сайхан байртай, гурван хөөрхөн хүүхэдтэй (нэг хөөрхөн нь би хэхэ) элэг бүтэн, сэтгэл тэнэгэр амьдарцгааж байгаа. Миний ээж хүнд их тус дэм болох дуртай, сайхан сэтгэлтэй, хэнээс ч дутахгүй хөгжилтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нүдэнд нь инээмсэглэл байнга тодорч, харцанд нь гал ассан сайхан бүсгүй байдаг. Харин аав маань хүчтэй, чадалтай, мөн олны дунд нэр хүнд өндөр, сайхан ажилтай, хийе гэснээ хийдэг, амласанаа ягштал биелүүлдэг, ёстой эр хүн ямар байх ёстойв яг л тийм чадалтай эр хүн гэж боддог. Манайх гэдэг айл ам бүл тавуулаа, хаанаасаа ийм их энерги авчихсан юм гэмээр бүгд л инээж ханиаж, дуу шуу болцгоосон хөгжилтэй хүмүүс байдаг. Ах дүү бид гурав гэр бүлийн их эрүүл орчинд өссөн гэж боддог, учир нь аав маань архи үнэртүүлж гэртээ орж ирдэггүй, архичин аавын зовлонг мэдрүүлээгүй өсгөсөн, тийм болохоор бид их азтай хүүхдүүд юм. Гэтэл Монголын маань нийгэмд тэр зовлонг мэдэрч өссөн, мэдэрч байгаа гэр бүлүүд тоолоод баршгүй их байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүүр хар багаасаа л архи гэдэг зүйлийг мэддэг болж, удалгүй том болохдоо тэр зүйлийг ууж сурч, харин томорсон хойноо тэр зүйлгүйгээр байж чадахаа болтол донтдог болчихсон залуучууд маш их байгаа. Сүүлийн үед дуу шүлгэндээ хүртэл архиа магтан дуулж, тэрэндээ бардацгаагаад байх юм, нөгөөдөхийг нь уншиж сонсоцгооснууд нь дагаж баярлаад “өө яг би би, надтай адилхан” гэх мэтээр өөрсдөөрөө бахархдаг болчихож. Энэнд чинь одоо бахархаад, шагшаад, дэмжиж баярлаад байх зүйл баймааргүй л юмсан. Ийм биш байгаачээ, монгол эрчүүд ээ! Та бүхэн чинь ирээдүйг гартаа атгасан, гэр бүлээ эрүүл саруул авч явах ёстой эр хүн, эцэг эхийн бахархал, бүсгүй хүний хань, үр хүүхдийнхээ эцэг нь шүү дээ. За тэгээд энэ бүхнийг хэдэн мөрөөр бас хэлэх гэж оролдсон юм, эр хүн та уншвал нэгийг бодно биз ээ.


Хайрын гуйлгачид

Наран мандахтай зэрэгцэн
Найгаж ганхсаар гэртээ ирэхэд чинь
Цурам хийлгүй шөнөжин хаалга чагналаа гээд
Цухалдаж уурлахдаа үглэж чамайг загналаа ч

Ээжээ яг үхлээ ус өгөөч гэхэд чинь
Эвий хүүгий минь бие өвдлөө гэж бодохдоо
Аягатай усыг зовнисон харцаар өгч байгаа
Алт шиг чиний ижий хайрын гуйлгачин

Шөнийн бор хоногт хаалгаа балбан
Шимтэж уудаг архиндаа живсээр ирэхэд чинь
Орлуу чинь түшиж чамайг хэвтүүлээд
Огиудас хүрэм үнэрийг чинь тэсвэрлэн

Хувцсыг чинь арай ядан тайлж
Хувингий чинь дөхүүлж орхичоод
Бохиры чинь цэвэрлэж суухдаа заяандаа гомдон
Буланд уйлж суугаа эхнэр чинь хайрын гуйлгачин

Айлын хүүхдүүд ам мэдэцгээн шуугилдахад
Арын ширээнд нэг хүү чимээгүйхэн сууна
Багшийн өгсөн даалгавар “Аавын тухай”
Бусад сурагчид бүгд л сайн сайхныг бичнэ

Маралаагийн аав эмч, Хүслэнгийн аав хуульч
Мундаг мундаг аавуудыгаа чангаар магтацгаана
Харин миний аав “Архичин” гэж дэвтэрт бичихдээ
Хоолой нь зангирах чиний хүү хайрын гуйлгачин

Ээж чинь, эхнэр чинь, үр хүүхэд чинь
Эргэн тойронд чамайг хайрладаг хүн бүр
Чиний хайрыг гуйсаар цангаж өлсөж байхад
Чи харин архи гударсаар яваа архины гуйлгачин...

/Б. Хулан 2011.02.08/