Monday, May 16, 2011

Улаан пальтотой бяцхан охин



Хэдэн өдөр өрөөндөө шигдэж суусаар байгаад ядарч тамирдсан би гэдэг хүн багахан ч гэсэн агаар салхитай уулзахаар шийдэн гадагш гарч цэцэрлэгийн сандал дээр ирэн суув. Жижигхэн хар цүнх үүрсэн, улаан өнгийн пальтотой бяцхан охин хажуугаар зөрөх үед яагаад ч юм би тэр охиноос нүдээ огт салгаж чадсангүй. Барагцаалвал зургаан настай байхаар тэр охины чухам яг юу нь миний анхаарлыг ийм ихээр татаж байгааг өөрөө ч ойлгохгүй байсаар зүгээр л түүн рүү тасралтгүй ширтэнэ. Саяхан жиргэж байсан шувууд, жаргалтай мишээж байсан нарны туяа, хөнгөхөн исгэрэх навчсын чимээ бүгд гэнэт л чив чимээгүй болон бүх зүйл нам жим, хорвоо ертөнц тэр аяаараа унтчих шиг санагдана. Эргэн тойрноо ажиглан, уг гэнэтийн үзэгдлийг мэдэх хэрэгтэй мэт санагдавч, надаас холгүйхэн байрлах намхан хашлаган дээр эвтэйхэн гээч нь суугаад өнөөх хар цүнхэн дотроосоо жигнэмэг гарган амтархан идэж суугаа охин анхаарлыг минь соронз шиг л татах нь үнэхээр хачирхалтай. Охин жигнэмэг гартаа атгасаар аажуухан толгойгоо өргөн над руу ширтэхэд гэнэт харц тулгарсандаа цочих шиг болсон ч аль болох тайвнаар түүн рүү хөнгөхөн инээмсэглэхийг хичээв. Харин тэр хариу инээмсэглэлгүйгээр над дээр туссан харц нь шилжин миний хажуу руу харах нь тэр. Яг тэр мөчид хажуугаас минь нэгэн эрэгтэй хүн босоод алхав. Хар өнгийн хослол, хар цамц, хар зангиатай уг залууг яагаад хажууд сууж байсныг огт анзаараагүйдээ гайхсан ч түүний дэлгэн барьсан гүн цэнхэр өнгийн шүхэр улам их анхаарлыг минь татна. Залуу намуухан алхалсаар охины дэргэд ирж суугаад түүн рүү дөлгөөхнөөр инээмсэглэн чихэнд нь ямар нэгэн юм шивнэнэ. Охин анхааралтай сонсохын сацуу надруу харсан харцаа бууруулсангүй, би ч бүүр гайхаж хоцров. Ер нь яг юу болоод байнаа, би энэ хоёрыг таних билүү, тэр хоёр миний тухай ярьж байгааг нь би зөнгөөрөө мэдэрч байсан юм. Өнөөх залуу шүхрээ хураан охины бяцхан гарт атгуулаад над руу харж инээмсэглэмэгцээ тэндээс босоод явмагц охин хашлаганаас өндийн, өнөөх жигнэмэгээ цүнхэндээ буцааж далд хийгээд яг өөдөөс минь чиглэн алхсаар удалгүй урд минь ирж зогсох үед нэг л жихүүдэс айдас төрөөд явчихна тэр.
“Эгч ээ битгий ай, надаас айх хэрэггүй. Саяны ах намайг танд энийг өгөөрэй гэсэн юм” гээд өнөөх хачин цэнхэр шүхрийг надад өгмөгцөө
“Тэгээд бас танд бүх зүйл сайхан болно оо. Таныг дахиж өвдөхгүй гэж хэлүүлсэн” гээд дотноор инээмсэглэнэ. Би бүүр түүний ярьсныг ойлгохыг хичээн толгойгоо гашилгаж суутал охин дээр нэгэн цагаан өнгийн хувцастай бүсгүй ирэн юм асуусан ч түүний яриа надад сонсогдсонгүй. Удалгүй надруу харан нэг юм асуугаад л байгаа бололтой, харамсалтай нь би сонсож чадахгүй байсаар.
“Уучлаарай би таныг огт сонсохгүй байна” гэж намайг хэлэхийг ердөө ч тоосонгүй, охин руу эргэж хараад юм асууж байгаа бололтой, харин охин хариуд нь надад болон тэр бүсгүйд бүх зүйлийн хариултыг хэлж өгсөн юм.
“Сувилагч эгч ээ, энэ эгч энд байхгүй ээ, сая нэг ах ирээд түүнийг аваад явчихсан.” гэж хэлэхэд гэнэт тогонд цохиулах шиг л болов. Би үхчихсэн юм гэж үү, би үхчихсэн юм байна, ердөө л нүд ирмэхийн зуур би үхчихэж гэж бодохтой зэрэгцэн яагаад ч юм асар их тайвшрал, амар амгаланг мэдрэх шиг болов. Бүх бие минь цовоо сэргэлэн, сульдаж ядарсан мэдрэмж өчүүхэн ч алга, ханиалгаж бүгшүүлэх маань ч зогссоныг анзаарав. Нээрээ л охины хэлснээр биед минь өвчний нэг ч ул мөр байсангүй. Би жаргалтайгаар мишээсээр цэнхэр өнгийн шүхрээ дэлгэн, сууж байсан газраасаа босоод надад нээгдэж байгаа шинэ ертөнцийг чиглэн алхахдаа Амьдралд би сүүлчийн өгүүлбэрээ хэлсэн юм. “Баярлалаа Амьдралаа, чамтай танилцаж, чамтай нөхөрлөж хамтдаа жаргал зовлонгоо хуваалцан цаг хугацааг туулахад үнэхээр сайхан байлаа, хэзээ нэг өдөр хоёулаа эргээд уулзах болохоор тэр өдрийг хүртэл түр баяртай.”


/Б. Хулан 2011.05.16/

Sunday, May 8, 2011

Би хааччихваа...

Блогоороо жаал хэсэв, ямар ч идэвхитэй байсан юм бэ дээ. Шүлгийн мөрнүүд гараад л гараад л өгүүллэг өгүүлэмж зохиогоод л, одоо тэр хүн хааччихсан юм бэ. Би хааччихваа. Амьдрал яг л нэг шугаман зураасаар үргэлжлээд л юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт боловч үнэндээ энэ гурван жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдөж ээ. Анх нэг найзтайгаа танилцаад насаа хэлэхэд гадарласан юмаа харцнаас чин мэдэгдэж байна гэж хэлж байсан санаанаас гардаггүй юм. Одоо тэр харц гурван жилийн дараа маш их өөрчлөгдсөн дөө гэж бодохоор гунигтай ч юм шиг. Их л цоглог байж дээ, бухимдаж уурлана гэдэг зүйлийг ховорхон үздэг байлаа, юманд тэгтлээ их санаа зовж , шөнө бодож хэвтдэггүй байж, сэтгэл амар сайхан байж ээ. Тархинд хуралдсан олон асуудал байхгүй болохоор шүлэг бичихэд амар байдаг юм болов уу, тархи илүү сул чөлөөтэй байдаг болохоор сэтгэх хүрээ илүү их байдаг юм болов уу. Нэг бодлын тийм боловч нөгөөтэйгүүр бол амьдрал үзэх тусам үзэг улам хурцлагддаг байх л даа. Гоё шүлэг, өгүүлэмж бичмээр байна, сая хуучин бичиж байсан "Намайг Зовлон гэдэг" хэмээх зохиомжоо уншлаа. Иймэрхүү санаа дахиж хэзээ орж ирэх юм бол доо гэж бодогдсон. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг л, ямарваа нэг шүлгээ уншихад тухайн цаг үед юу юу болж байсан гээд л дурсамжууд санаанд буух юм. Сайхан нь ч байна муухай нь ч байна. За даа мөн ч олон юм нуршлаа даа, блогтоо ямар ч байсан агаар оруулах цаг болсон гэж бодоод ядаж иймэрхүү дүгнэлт бичээд үлдээмээр санагдлаа. Блог минь сайн уу чамдаа удахгүй буцаж ирэхийг хичээнээ.