Sunday, August 30, 2009

Зүрхийг би буруутгахгүй ээ...

Өглөө сэртэл зүрх минь надаас зугтжээ
Өнчин цээж өөрийгөө тэврээд мэгшинэ
Өр минь өвдөөд сэтгэлээ би аргадсан ч
Өчилгүй одсон зүрхийг би буруутгахгүй ээ...

Зүрх минь мэдрэмжээсээ хөтлөөд оджээ
Зай нь үлдсэн цээж энд ганцаар уйлна
Зовлонг нь хуваалцан сэтгэлээ би бүүвээлэвч
Зугтаад нисчихсэн зүрхийг би буруутгахгүй ээ...

Биенээс минь тасарсан улаахан навч минь
Бариандаа хүрч хайртыгаа олоо болвуу
Буруугүй ээ тэр минь ганцаараа дэвэн ниссэн ч
Буцаад ирвэл хэзээд ч гэртээ тавтай морилоорой

Зориод очиход нь тосоод авах нь байгаасай
Зориглоод ярихад нь сонсоод ойлгох нь байгаасай
Жаргалтай инээвэл дагаад баярлах нь байгаасай
Жиндээд даарахад нь өлгийдөөд тэврэх нь байгаасай.



Wednesday, August 26, 2009

Ганцхан "биш" хүсэл


Циклээр эргэлдэх бөөрөнхий өдрийн
Цэвэрхэн зам дээр солир унаасай
Цангаж ангасан борхон зүрхний
Цуурсан ангал дээр бороо ороосой

Манан татсан саарал ертөнцийн
Майхных нь дээвэр урагдан цоороосой
Мөнгөний дүрстэй линз зүүгчдийн
Мөрөөдлийнх нь өрөөнд гэрэл асаасай

Хараалд идүүлсэн гэх хип хопчдын амьдралын
Халаасанд нь үүрлэсэн хараал нь цөөрөөсэй
"Хайртай" гээд хамаагүй цацагдах үгний
Харамч зантайг нь битгий мартаасай

Дахин дахин давтагдах замын шонгуудын
Дараачийнх нь харин хугарчихсан байгаасай
Дарааллаад биднийг хүлээх он жилүүдийн
Дуусах өдөр нь жаргалтай инээмсэглээсэй

Бороонд л дурлах миний гүнзгий хайр
Будрах цасанд бүү бууж өгөөсэй
Буцаад л зориод ирдэг хар ганцаардлын
Буух хаягны нэрсээс би хасагдаасай...