Monday, October 1, 2012

Хундага дарсыг хайрт найз, хүүхэд хоёртоо...

Наадан тоглож явсандаа өчигдөрхөн л
Насны ханиа олон, амьдралын байшингаа бариад
Нэгэн амийг хорвоод бэлэглэсэн
Найзын минь харц жаргалаар гялбана

Биеэс нь дэлбээлсэн үрийг нь хараад
Битүүхэндээ атаархан ижлийг хүсэвч
Болоогүй амьдрал, төлөвлөөгүй жаргалд
Бор дарсыг амсахдаа "яарах юун" гэж авирлана

Тэнгэрийн диваажинг газарт олсон ээжүүд
Тэрнээс минь илүү хайр үгүй гээд үрээ үнэрлэхэд
Тэнд нь очиж үзээгүй миний бие
Тэр залууд, тэр залууд, эсвэл тэр залууд дурлаад л явъя

Өөрөөс минь ургах өөр нэгэн навч
Өөртэй минь хамт хорвоог туулан жигүүрлэх
Хожмын тэр нэгэн өдрийг мэндчилэн инээмсэглээд
Хүүгийнхээ, охиныхоо төлөө нэг тогтоочихдог юм билүү...

Миний нутаг

Тэнгэрийн төмөр хөлөгнөөс нар мандахыг би харлаа
Тэртээд сүүмийх нутаг минь араас даллаад л
Тэвэрт нь би өөрөө дэндүү их эрхэлж дээ
Тавиад явуулахдаа монгол минь араас мэгших шиг

Золгоод угтах хүний нутгийн барааг би үзлээ
Зон олон нь элэгсэг, өөрөө би ихэмсэг
Зориод ирсэн эрдмийн тэмдгийг цээжиндээ хатгаад
За баяртай миний нутаг намайг хүлээж байгаа гэх өдөр ойр...

Thursday, July 26, 2012

Bette Midler - Caрнай

Сайхан ч ая сайхан ч үгийг өөртөө багтаасан нэгэн дууны үгийг өөрийн ойлгосон хэмжээндээ монголоор нь орчуулсан бөлгөө



Bette Midler- The Rose


Хайрыг хүмүүс гол гэж хэлдэг
Хүч муутай хулсыг живүүлж чаддаг
Хайрыг хүмүүс үзүүртэй хутга гэдэг
Хүний сэтгэлд шарх үлдээж чаддаг


Хайрыг хүмүүс өлсгөлөн гэж хэлдэг
Хязгааргүй ихээр өвддөг хэрэгцээ
Харин би хайрыг цэцэг гэж хэлнэ
Хөөрхөн бяцхан үр н чамайг гэж хэлнэ

Гэмтэхээс айсан зүрх
Хэзээ ч бүжиглэж чадахгүй
Сэрэхээс айсан зүүд
Хэзээ ч боломж олж чадахгүй
Ганцаардахаас айсан тэр
Хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй

Ихээр ганцаарддаг үдшүүд байдаг бол
Ирэх зам чин дэндүү урт байдаг бол
Зөвхөн азтайд н бас хүчтэйд н
Заяадаг н хайр гэж боддог бол

Хархиран хайрах цасны доор
Хэвтээд хүлээх үр үндэс маань
Хаврын нарны хайраар ивээгдэн
Хосгүй сайхан сарнай болон ургадгийг санаарай...


Bette Midler - The Rose (Lyrics)





Төлөө



Сүүлчийн ганцхан энэ л тамхийг
Сүүдрээ орхиод зугтсан чиний дурсамжинд
Шаналалаа тэврээд үлдсэн өөрийнхөө зүрхэнд
Шуурганд хийсээд одсон бидний дурсгалд зориулчихъя

Эцсийн ганцхан энэ л тамхийг
Итгэлээ харамлаад хулчийсан чиний айдсанд
Эзэнгүй айлын хаалга манах өөрийнхөө тэнэглэлд
Ээлжээ угтаад авсан бидний төгсгөлд зориулчихъя

Гашуунаар гуниг үргээх ганцхан энэ тамхийг

Гэрээс гараад эргэж ирээгүй чиний бухимдалд
Багаа өмсөөд чамайг гуйгаагүй өөрийнхөө бардамналд
Баяртайгаа хэлж амжаагүй бидний хагацалд зориулчихъя

Дуудаагүй байхад хүрээд ирдэг хагацал бүхэнд

Дурсаагүй байхад айлчлаад ирдэг шаналал бүхэнд
Дундраагүй байхад нэмэгдээд ирдэг зовлон бүхэнд
Дунд хуруугаа өгөөд энэ тамхийг ганцхан сорчихъя

Tuesday, June 26, 2012

Амраг минь...

Чиний өвөрт өнгөрүүлэх шөнө бүхэнд
Царайгаа инээмсэглэлээр чимэглэвч
Цээжиндээ би шархаа тодруулан будлаа, амраг минь

Шөнийн жаргалдаа хоёул бүхнийг мартаад
Шарзанд согтох шиг мансууравч
Шинэ өглөөг чи гэргийтэйгээ угтахаар одлоо, амраг минь

Тэмүүлэх сэтгэлээ нуулгүй илчлээд
Тэвэрт чинь эрхлэх дэндүү их жаргалтай ч
Тайлж чадахгүй бөлзөг ядам хуруунд чинь байлаа, амраг минь

Зөөлөн үнсэлтэнд чинь нэгэнтээ дасаад
Зүрхээн чамд бэлэглээд явуулсанч
Зүг нийлэхгүй гэрийн чинь үүдэнд өнчирлөө, амраг минь

Минийх болохгүй
Маргаашийг хүлээхгүй
Үүрээр босоод явахад
Үнэр чинь хүртэл замхран замхарсаар...


Thursday, June 21, 2012

Охид

Хайраа хонгороо хөөрхөнөө гээд л
Хэтрүүлэн нялуурцгаах айлгүү охидын
Хуурмаг зан, худлаа аашийг нь
Харах болгонд баас хүрдэг болждээ

Цэнгээн наргиан архи дарсанд
Цадахаа мартсан шоучин охидын
Цангааг нь тайлж өвөртөө чихэхээр
Цалингаа дуусгах залуус олон болждээ

Хүнтэй нь биш хөрөнгөтэй нь
Харьцаа тогтоох шуналт охидын
Хайрлах дурлах мэдрэмжээ гээснийг
Халаглаж харамсан өрөвддөг болждээ

Гучхан зоосонд гуяа алгадсаар гүйж очих
Гунхсан гангарсан бузар охидын
Гутлынх нь уланд бүсгүйн үнэ цэнэ
Гишгүүлж хаягдан мартагддаг болждээ


Sunday, June 10, 2012

Тэр Бүсгүйгээс...

Харцанд нь эрдэнийн шигтгээ гялалзан
Хаанаас нь ч харсан дагина атаархам
Хамгаас илүү үзэсгэлэн төгс
Хараад хараад ханаж цадахгүй нь
                                            тэр бүсгүйгээс...


Бүсгүйн дүрийг ялдам харц ягаан уруул
Бүжигчин лугаа уяхан хөдөлгөөн нь чимж
Бэлхүүс нь нарийн хөл нь савх шиг л
Бурхан будаг харандаагаа харамласангүй
                                            тэр бүсгүйгээс...

Алхсан газраар нь цэцэг ургадаг гэвэл
Андуурч хэтрүүлсэн гэж лав хэлэхээргүй
Олон эрчүүд дурлаад цээж хоосон буцна
Охин би хүртэл дурлалаа хорьж дийлэхгүй нь
                                             тэр бүсгүйгээс...






Wednesday, May 30, 2012

Би чамаас цэцэг л гуйсан...

За шинэ дэвтэртэй болж нэг ийм шүлэг бичлээ гэж...


Чамаас би цэцэг өгөөч гэж гуйсан
Чиний өгсөн цэцэг амьгүй байсан
Чамаас би цэцгээ амьлуулаач гэж гуйсан
Чи намайг үхмэл цэцэг голлоо гэж уурласан

Цэцэг өгөхгүй бол чамаас би явлаа гэж туньсан
Цэвдэг сэтгэлээр чи намайг явдаа гэж хэлсэн
Гэнэхэн бодолдоо зуурынх гэж итгэсэн
Гарыг минь тавиад орхино гэдэгт эргэлзсэн

Үхмэл цэцэг
Үхмэл цэцэг
Үхмэл цэцэг
Үхсэн цэцэг
Үхсэн цэцэг
Үхэх цэцэг

Би чамаас цэцэг л гуйсан...





Sunday, May 6, 2012

Эзэнгүй

Чиний ертөнцийг халхалж явснаа
Чиний эзгүйд шаналан ухаарлаа
Чиний ертөнцөд тоосонцор байснаа
Чиний эзгүйд мэдэн гансарлаа
Чиний ертөнцийг таниж чадаагүйгээ
Чиний эзгүйд ойлгон шаналлаа
гэтэл чи...
Миний ертөнцийг бүрэн эзэлчихээд
Миний эзгүйд бүхнийг орхиод морджээ /Б.Хулан/

Wednesday, April 18, 2012

Учраагүй түүндээ зориулж бичсэн шүлэг

Би чамтай учрахгүй бол яанаа
Будилж төөрч хууртаж явсаар
Бундан зүрх минь итгэл сэтгэлээ алдаж
Бусдад чамайг өгөөд явуулчихвал яанаа

Тэр минь надтай учрахгүй бол яанаа
Тэнэгхэн охидуудад ашиглуулж хууртсаар
Тэвэртээ хайраа үүрд гинжилж
Танихгүй хэвээрээ зөрчихвөл яанаа

Чи бид хоёр учрахгүй бол яанаа
Чамаас надад надаас чамд заяагдсан
Час халуун хайрын балыг амтлахгүйгээр
Чулуун гэртээ нэгэнт мөнхөрвөл яанаа

Tuesday, February 21, 2012

Хаданд ургасан цэцэг - 2


Хаврын дунд сар шувууд дуулалдаад л, газар шороо мод зүлэг өнгө зүсээ авч, жилийн хамгийн гоё улирал эхлэхээр завдан хүн бүрт л өөрийгөө зарлах шиг бороог дагуулсаар манай тосгонд айлчлан ирсэн юм. Хэдхэн хормын өмнө миний амьдрал аз жаргалдаа умбаж байлаа. Би хайртай залуу Донныхоо гэргий болно, хөөрхөн хоёр хүүхэд төрүүлнэ хамгийн гоё гэр бүлийг босгож хамгийн сайн гэрийн эзэгтэй байна гээд л төлөвлөж байсан. Ердөө л дугтуйн доторх ганцхан зураг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг гэвэл та итгэх үү. Донн бид 2 Ариун загалмайн өмнө нэг нэгнээ үүрд хайрлаж, бүхий л зовлон жаргалын цагт хамт байхаа андгайлан бөгжөө солилцлоо. Өө Донн минь дээ би чамайгаа тийм их хайрласан байтал чи яаж ингэж хандаж чадна вээ. Би хаана нь өнгөцхөн харчихав, хаана алдаж, хэзээнээс сохорсон болохоороо энэ бүхнийг одоо л дөнгөж мэдэв ээ, ер нь мэдээгүйгээрээ л өнгөрчихсөн бол энэ түүх сайхан хайрын түүх байх байсан ч юм билүү, гэвч харамсалтай нь тийм биш юм даа. Донныг надад уух юм авчирахаар явсан хойгуур нэгэн үл таних зочин инээмсэглэн намайг чиглэн ирсэн юм. Би түүнийг хэн нэгний болзож буй бүсгүй юм байнадаа л гэж бодсон, учир нь бидний хуриман дээр үнэндээ миний зүс танихгүй маш олон хүмүүс ирцгээжээ. Улаан даашинзтай харц булаасан өнөөх бүсгүй “Баяр хүргье, бяцхан бэлэг!” гээд л нэгэн дугтуй гарт атгуулчихаад л олны дунд орон алга болсныг л санаж байна. Дугтуйг задлавал Донн болон саяын захидал өгөгч бүсгүй хоёрын нэг нэгнээ халуунаар тэвэрч, бүсгүйн харц яг л би Донныг хардаг шиг түүнд ууссан, Донны өнөөх галтай цогтой, гэвч ямар ч шаналал байхгүй аз жаргалаар бялхсан тийм л харц нь тэр хоёрыг яг л нэг бүхэл хүн болгох шиг тийм нэгэн зураг гарч ирэв. Зургийг хараад ухаан балартах шиг л болон эргүүлж нөгөө талыг харахад “Диана, сэтгэл зүрх минь үүрд чинийх байна, чинийх байсаар ч ирсэн, намайгаа хүлээгээрэй, чиний Донн” гээд он сар өдөр нь нэг жилийн өмнө гэдгийг зааж байлаа. Би Доннтой танилцаад, түүнийг хайрлаад 2 жил болж байна, гэтэл Донн, Диана хоёр нэг нэгнээ хайрлаад түүнээс ч олон жил болжээ. Гашуун ч юм даа зовлон гэдэг, үнэхээр гашуун юм. Гэхдээ энэ бүгдийг үргэлжлүүлэхээ түр азнаад Доннтой анх танилцаж байсан үе рүүгээ эргээд нэг очьё.

Аав минь надад “Миний охин аз жаргалтай байх ёстой, чи л аз жаргалтай биш байх юм бол надад энэ хорвоод амьдарсаны утга учир гэж үгүй болно шүү дээ” гэж байнга хэлдэг байж билээ. Хүссэн бүгдийг минь өгдөг, миний санаа бодлыг дэмжиж, өөрийгөө хайж олоход минь боломж олгон, намайг л аз жаргалтай байгааг харах нь л аавын минь амьдрал тэр чигтээ мэт. Бага байхдаа би их уйланхай хүүхэд байлаа, том жижиг хамаагүй таалагдахгүй л бол асуудал болгон дээр уйлаад л аавдаа гүйгээд очиход аав минь нэг л тухгүй болж маш их шаналж байгаа нь харагддагсан. Гэхдээ л түүнийгээ надаас нуун эрх Шилаг тайвшруулах аргаа яаж ийгээд л олдог байж билээ. Өсөж том болох тусмаа би улам л хатуужиж аавыгаа шаналгахгүйн тулд жижиг сажиг зүйлийг үл тоон хатуужилтай болж байсан, аавыгаа дахиж шаналгахгүй гэсэн дээ яаж ч байсан жаргалтай л байя гэж шийдсэн хэрэг. Гэхдээ аз жаргалтай байгаа дүр эсгэж байсан гэвэл худлаа, би үнэхээр л аз жаргалтай бага насыг өнгөрөөсөн. Би багаасаа л ээж аав хоёр шигээ гэр бүлийг босгоно гэж мөрөөдөж хүсдэгсэн. Амьдрал аз жаргалаар дүүрэн өнгөрөөж, нэг нэгнээ насан туршдаа хайрлаж болдгийн жишээ болсон хосууд. Ер нь их хэмжээний мөнгийг дагаж байнга муу зүйл орж ирдэг, тийм ч болохоор мөнгөтэй баян айл гэр бүл бат бөх байхаа больж эхнэр нь нөхрөө нөхөр нь эхнэрээ хуурах явдал манай тосгоноор бол байнга болдог асуудал. Хүүхнүүдийн хов жив гэж дуусах биш дээ, ээж дээр минь ирдэг найз хүүхнүүдийн ярьдаг л зүйл нь тэрний нөхөр тэрэнтэй явж гэнэ, тэрний эхнэр нөхрөө тэрэнтэй хуурч гээд л, жижигхэн тосгон болохоор хов жив газар авна гэдэг бол гэрлийн хурдаар л өнгөрдөг зүйл. Би аавдаа эрхэлж ээжээсээ эмээж явдаг охин байлаа. Ээж минь гэр бүлийн толгойлогч гэж хэлж болохоор, бүх зүйлийг л удирдан зохион байгуулж явдаг, аав минь ажлаа тарж орж ирээд л Шилагаа эрхлүүлэх л үүрэгтэй, гэхдээ тэр хоёрынхоо хамт байгааг харахад яг л нэг цогц уран зураг шиг, нэг нэгэндээ дэндүү тохирсон гэлтэй. Ээж минь аавыг ажлаас орж ирмэгц л өнөөх дарга шинжээсээ над шиг л жоохон охин болж хувирахыг нь харахаар өхөөрдмөөр ч юм шиг. Тэгээд л оройжин ээж бид хоёр аавыг булаацалдсаар өдөр хоногууд өнгөрчихөж дээ. Манай гэр бүлийн гишүүн гэж хэлж болохоор Венэсса Гералд хоёр ч бас маш сайн хүмүүс, аав ээж хоёрыг минь хүндэлж явдаг нь хөдөлгөөн бүрээс нь мэдрэгддэг байсан. Аав ээж хоёрыг байхгүй үед би хоёр дэх ээж Венэссатайгаа дээврийн өрөөнд хүүхэлдэйгээрээ тоглож, Венэсса миний хүүхэлдэйнүүдэд төрөл бүрийн хувцас оён, надад үлгэр уншиж өгөөд л, нэг ёсондоо дээврийн өрөө Венэсса бид хоёрын хаант улс байсан юм л даа хэхэ. Тэр хоёр бүх л зүйлийг хийдэг байлаа, аав ээжийн маань итгэлт түншүүд л гэсэн үг. Ээж хааяа “Бурхан надад ийм сайхан дөрвөн хүнийг заяадаг би дэндүү азтай хүн шүү” гээд л...

Их гэр амьтай байсан болохоор бусад шиг баян айлын хүүхдүүд ам булаацалдан томорцгоодог цугларалтанд нь очин тэдэн шиг эцэг эхийнхээ мөнгийг хаа хамаагүй үрж цацаад явахыг хүсдэггүй байсан юм. Гэхдээ мэдээж өөрийгөө бусдаас тусгаарлаж зожиг байлгахыг хүсээгүйдээ гэр бүлийн уулзалт, бараг л өдөр бүр болдог үдэшлэг, баячуудын өдөрлөгүүдэд нь долоо хоногт ганц очиж үзэгдээд өнгөрдөг, аав ээж маань намайг үдэшлэг рүү явж тосгоны охид залуустай нөхөрлүүлэхээр шахдаг байсан ч үнэхээр намайг дургүй байхад хүчлээд байдаггүй тэгсхийгээд хэлээд л орхицгооно. Надад тэнд байх нэг л хэцүү бачуурмаар болж, нэг нэгнээ ажиглаж, дүгнэж харсан харцан дундаас амьд гарах боломжгүй мэт санагдаж яг л амьдаараа шатаж буй мэт мэдрэмж төрдөг тул аль болох л хурдхан тэндээс гарахыг хичээнэ. Өнөөх л хэдэн залуус, өнөөх л хэдэн охидууд, нөгөө л хэдэн хатагтай ноёд, ээж аав маань ч тэдний дунд орохоороо өөр хүмүүс ялангуяа ээж минь танихгүй хүн болж хувирдагт нь би үнэхээр дургүй байсан юм. Яг л тийм үдшүүдийн нэг нь байлаа. Танхимд орж ирмэгц ёс юм шиг л Блүүмийн хоёр ихэр охин намайг олзолж аваад л хорвоогийн хамаг хов живээр намайг булж орхих нь тэр. “Эдди чамд дурлачихсан юм шиг байнаа, та хоёр яг тохирно, гэхдээ Эдди саяхан Жилээс салсан, цаадах чинь их шаналж байх шиг байна лээ зайлуул, гэхдээ яахавдээ нэг нэгэндээ дурласан хүмүүсийн дунд тэр шавар хаах эрхгүй тийм үү” гээд л дөнгөж сарын өмнө Жилийн үй зайгүй найзууд байсан хоёр охин надад одоо ийм юм ярихыг сонсоод дотор муухай оргиж зайл гээд л хэлчихмээр санагдана. Би тэнд удахыг хүссэнгүй аавдаа харимаар байгаагаа хэлээд түрүүлээд гараад явсан. Манайх тэндээс холгүй байдаг болохоор алхсаар гэртээ ирээд шууд л зүчээ рүү очиж Цагаан сүүлт дээ бүх юмаа ярьж тайвшрахаар оров. Гэтэл тэр тэнд байсангүй, би хашааны хаалгыг дахиад л дутуу хааж ээ. Түүнийгээ олохоор гараад байшингийхаа эргэн тойронд хайлаа байсангүй, өнөөх толгодын зүг хөлийн хурдаар гүйв. Тэнд л байх юм шиг санагдсан юм л даа. Нээрээ л холоос харахад Цагаан сүүлт маань мөн шиг сүүдэртэж харагдана, гэхдээ ганцаараа биш нэг хүнтэй, бүрэнхий болсон байсан тул хэн гэдгийг нь таньсангүй, Гералд юм болов уу л гэж таамаглаад шуудхан яваад очив. Харин тэр Гералд биш өнөөх толгодыг минь булаадаг залуу, ирээдүйн миний хайрт Донн цагаан сүүлттэй маань зогсож байлаа. Тэр өдөр үг дуугүй яваад л өгсөн болохоор дахиж тааралдсандаа бага зэрэг бантах ч шиг болж, “Адууг минь харж байсанд баярлалаа” гэж хэлээд Цагаан сүүлтийгээ дагуулан буцах гэтэл Донн “Надад дахиад уут дүүрэн алим байна, чиний морь чинь лав дуртайяа иднэ дээ, үнэхээр сайхан амьтан байна, надад түүнтэй танилцах боломж олго л доо, мөн хатагтай тантай ч бас” гэж асуугаад л их сэргэлэн хөгжилтэй харцаар надруу үгүй гэж хэлэх боломж өгөлгүй ширтсэн юмдаг. Би ч гэртээ ганцаараа байхыг хүссэнгүй, үлдэхээр шийдсэн маань амьдралд минь шинэ ертөнцийг нээж, Донныг миний зүрхэнд тун ч удалгүй бадамлан асах гэж байгаа хайрын галын цогийг зурна чинээ төсөөлөө ч үгүй явждээ. Тэгээд л хэдэн ч цаг суусан юм бүү мэд ямар ч байсан ганцхан цагаан сүүлтэд биш Доннд үдэшлэгний талаар тэр хүмүүсийн талаар хамаг бодлоо дургүй гэдгээ ярьчихсан сууж байснаа санаж байна. Үүл сарыг нөмрөн дөлгөөхнөөр хөвөөд л, бяцхан одод үе үе гялсхийх нь яг л нэг нэгнээсээ нуугдан тоглож буй мэт сэтгэлийг гижигдэн, намуухан салхилах салхины аясаар нааш цааш найгах өвсний шаагих чимээ чихэнд уянгалагаар эгшиглэж, Донн бид 2 сарыг ширтээд л Донн үе үе хөгжилтэй зүйл ярих нь миний сэтгэлийг тайвшруулан инээлгэж байсан үнэхээр мартагдашгүй сайхан тэр үдэш бидний ирээдүйдээ өнгөрөөх өч төчнөөн сайхан үдшүүдийн дөнгөж эхнийх нь байсныг би таамаглаа ч үгүй юм...

Monday, February 20, 2012

Хаданд ургасан цэцэг - 1



“Хүний амьдрал бүх зүйлээр баялаг билээ, тэдний нэг нь хайр ялангуяа миний хоёр андын амьдралыг чимж, энэ хуран цугларсан найз нөхдөд н хүндлүүлж, магадгүй зарим нэгнийх нь цагаахан атаархлыг төрүүлж явдаг Шила Донн хоёрын агуу Хайрын төлөө хундагаа өргөцгөөе.” хэмээн Донны дотны найз Гэрит сэтгэл дүүрэн инээмсэглэн хэлэхэд тэнд байсан бүх л хүн бидний зүг харцгаан алга ташцгааж байсан юм. Бүгд л аз жаргалтай харагдана, хаа сайгүү л инээлдсэн баярласан, бидэнд баяр хүргэсэн, зураг хөргөө даруулцгаасан хүмүүс, магадгүй эндээс миний хайр эхлэх ч юм билүү гэж горьдоцгоосон ганц бие бүсгүйчүүд, залуучууд нэг нэгнээ шохоорхоцгоон харна. Надад ердөө л бүх зүйл хэтэрхий их, хэтэрхий хүнд ачаалалтай санагдаж бага зэргийн агаар салхиар өөрийгөө цэнэглэхээр байшингаас гарч адуун зүчээ рүү явсан. Тэнд миний хамгийн дотны анд Цагаан сүүлт байгаа түүн дээрээ л очвол тайвшрах юм шиг санагдсан. Хар хүрэн зүсмийн хэрнээ цав цагаан сүүлтэй болохоор нь би адуугаа тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Харин намайг очиход цагаан сүүлт маань тэнд байхгүй оронд нь өөр нэгэн зүйл түүний оронд хэвтэж байлаа. Дотор нэг л харанхуй болоод явчих шиг айдас дааж хар хөлс цувж байсныг санаж байна. Гэхдээ тэр зүйлийг юу болохыг үзэхээр аажуухан явж очив. Богино улаан өнгийн даашинз, гил хар урт намилзсан үс, гоолиг туранхай бие, тэр бол бүсгүй хүний сүнс нь хорвоог нэгэнтээ орхиж эхээс төрсөн биеэ газарт, миний адуун зүчээнд орхиод одсон хүүр нь байсан юм. Харамсалтай нь би тэр бүсгүйг таниж байлаа, хэн бэ гэж үү? Амьдрал үнэхээр бүх зүйлээр баялаг юм даа, ялангуяа миний амьдрал хараал идсэн зовлонгоор дүүрэн юм. Гэхдээ бүсгүйн цогцосыг хараад миний айдас алга болж, миний зовлон ч алга болж, яг л бяцхан хүүхдэд чихэр өгөхөд баярладаг шиг тийм сэтгэгдэл хоромхон зуур төрөөд өнгөрснийг нуух юун билээ. Үнэхээр хэрцгий сонсогдож байгаа л байх би мэдэж байна, гэвч тэр бүсгүй бол миний өнөөдөр ирээдүйн бүх л амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн Донны маань хайртай бүсгүй байсан юм. Одоо намайг түүний үхсэнд баярласан сэтгэгдлийг та бага ч гэсэн ойлгох байх гэж бодож байна. Танд маш олон асуулт байгаа байх л даа, хэн бүсгүйг алав, Донн бүсгүй хоёрын талаар намайг хэрхэн мэдсэнийг, энэ түүх ер нь юуны тухай түүх вэ гээд л. Танд би бүгдийг нь ярих болно, үнэнээр нь нэг ч юм нэмэхгүй, нэг ч зүйл хасалгүй бүгдийг нь ярина. Би ганц л зүйлд баярлана миний энэ эмгэнэлт түүхийг тэвчээртэй унших гэж байгаа танд, магадгүй хэрэг болох хүндээ хэрэгтэй сургамж болж зовлон дүүрэн амьдралыг нь хөнгөвчилж өгвөл л баярлана. Ингээд түүхээ эхлэе...

Зуны үдэш байлаа, ер нь л хайр гэдэг зүйл зуныг дагаж ирдэг гэмээр хорвоогийн жам юмуу даа. Манайх гэдэг айл олон хүний амийг аварч, алтан гартай эмч Дэвид Грийний гэр бүлийнхэн гэдгээрээ тосгондоо хүндлүүлдэг, тааралдсан хүн болгон аавтай минь мэндлээд зөрдөг чинээлэг айлуудын нэг нь байсан юм. Намайг Шила Грийн, ээжийг минь Энни Грийн, гэрийн 2 үйлчлэгчтэй, миний хоёр дох ээж болох Венэсса болон түүний нөхөр Гералд бид тав томоохон эдлэн газарт амьдран суудаг байсан. Би багаасаа юм юмаар дутагдаж үзээгүй ёстой л нөгөө баян айлын эрх дураараа охин гэдэг нь байждээ. Бага нас минь сайхан аз жаргалтай өнгөрсөөн, эцэг эх минь намайг хайраар дутааж байсангүй, 18 насны төрсөн өдрөөр надад Цагаан сүүлтийг маань бэлэглэж билээ. Ёстой л нэг хагартлаа баярлаж, түүнтэйгээ өдөр бүрийг хамтдаа өнгөрөөдөг байлаа. Манай эдлэн газраас холгүйхэн ганц том модтой толгод байдаг нь миний өрөөний цонхоор байнга намайг урин дуудна. Цагаан сүүлтийгээ унаж очоод толгодын орой дээр гарж адуундаа хэдэн алим тавьж өгчихөөд л өнөөх сүрлэг том модыг налан суунгаа нар жаргахыг харахад бүх л зүйлээс тасарч, юу ч бодогдохгүй зөвхөн хорвоо ертөнцийн гоо үзэсгэлэнг бишэрч суудагсан. Яг л тэр өдрүүдийн нэг, юм бүхэн байдаг байрандаа, илүү ч үгүй дутуу ч үгүй, би байгаль эхтэйгээ мэндлэхээр дөнгөж очтол тэнд надаас өөр хэн нэгэн миний байрыг өөрийн болгочихсон, миний модыг налчихсан намайг ирж байгааг анзаарсан ч шинжгүй сууж байхыг харав. Дөхөж очоод ажваас энэ хавийнх биш бололтой, учир нь яг үнэнийг хэлэхэд биднээс зиндаа доогуур энгийн нэгэн айлын хааш яаш өмссөн хувцастай миний үеийн магадгүй хоёр гурван насаар ах тийм нэгэн залуу сууж байлаа. Тухайн үед би ч их ихэмсэг дураараа байж дээ, яг л миний ариун газрыг тэр нэг залуу бохирдуулчихсан юм шиг санагдаж түүнийг алга болгохыг хүсэж билээ. Түүнтэй юм ярихыг ч оролдсонгүй, буцаад л цагаан сүүлтийгээ хөтлөөд явахаар завдаж байтал “Ийм хурдан буцах гэж байгаа юм уу, би саад болчихсон уу” гэж өнөөх залуу бодвол надад л хандаж хэлж байгаа бололтой, өөр хэнд ч байхавдээ тэнд бид хоёр л байснаас хойш. Надад тэр залуу маш бүдүүлэг санагдаж, өөрийгөө юу гэж бодоод надтай ингэж хамаагүй харьцаж, хамгийн гол нь миний толгодыг булаан авч байгаад нь үнэхээр дургүй хүрч байсан ч, бүх уур бухимдлаа нуухыг хичээн эргэж хараад “Энд надад байх зай алга, дараа л буцаж ирий даа” гэхэд “Энэ том толгод дээр хоёрхон хүн багтахгүй гэдэгт итгэлтэй байна уу, за үнэхээр чамд тухгүй байгаа бол би явья даа, бодвол чи эндэхийн эзэн нь бололтой” гэж хэлээд босоход нь би түүн рүү эгцэлж харсан юм. Яг л тэр мөчөөс миний сайхан аз жаргалтай амьдрал дуусч, зовлон эхлэсэн гэлтэй, мэдээж тухайн үедээ бол би хэзээ ч тэгж бодож байгаагүй л дээ, өөрийгөө их л жаргалтай байна гэж бодож итгэж явсан, магадгүй тийм, магадгүй үгүй. Аан тийм би түүн рүү эргээд харсан, түүний харц гал дүрэлзэж цог бадарсан, маш их зориг залуу хүний эрч хүчийг ёстой л асаасан тийм л харц, гэвч тэнд нэг л ер бусын шаналал зовлон нуугдаж буй мэт. Гол нь түүний галтай харц миний сэтгэлийг булаав уу, эсвэл шаналсан харц нь булаачихав уу би үүнийг одоог хүртэл мэддэггүй юм. Ямар ч л байсан тэр залуу манай эндхийн чинээлэг амиа бодоцгоож өөрсддөө эрдсэн хэдээс тэс ондоо байсан нь миний сонирхлыг татаж надад яг л өндөр өндөр ургасан өвсөн дундаас нарны илчийг өөртөө шингээх гэж зүтгэж яваа бяцхан цэцэг шиг л санагдаж билээ.