Monday, February 20, 2012

Хаданд ургасан цэцэг - 1



“Хүний амьдрал бүх зүйлээр баялаг билээ, тэдний нэг нь хайр ялангуяа миний хоёр андын амьдралыг чимж, энэ хуран цугларсан найз нөхдөд н хүндлүүлж, магадгүй зарим нэгнийх нь цагаахан атаархлыг төрүүлж явдаг Шила Донн хоёрын агуу Хайрын төлөө хундагаа өргөцгөөе.” хэмээн Донны дотны найз Гэрит сэтгэл дүүрэн инээмсэглэн хэлэхэд тэнд байсан бүх л хүн бидний зүг харцгаан алга ташцгааж байсан юм. Бүгд л аз жаргалтай харагдана, хаа сайгүү л инээлдсэн баярласан, бидэнд баяр хүргэсэн, зураг хөргөө даруулцгаасан хүмүүс, магадгүй эндээс миний хайр эхлэх ч юм билүү гэж горьдоцгоосон ганц бие бүсгүйчүүд, залуучууд нэг нэгнээ шохоорхоцгоон харна. Надад ердөө л бүх зүйл хэтэрхий их, хэтэрхий хүнд ачаалалтай санагдаж бага зэргийн агаар салхиар өөрийгөө цэнэглэхээр байшингаас гарч адуун зүчээ рүү явсан. Тэнд миний хамгийн дотны анд Цагаан сүүлт байгаа түүн дээрээ л очвол тайвшрах юм шиг санагдсан. Хар хүрэн зүсмийн хэрнээ цав цагаан сүүлтэй болохоор нь би адуугаа тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Харин намайг очиход цагаан сүүлт маань тэнд байхгүй оронд нь өөр нэгэн зүйл түүний оронд хэвтэж байлаа. Дотор нэг л харанхуй болоод явчих шиг айдас дааж хар хөлс цувж байсныг санаж байна. Гэхдээ тэр зүйлийг юу болохыг үзэхээр аажуухан явж очив. Богино улаан өнгийн даашинз, гил хар урт намилзсан үс, гоолиг туранхай бие, тэр бол бүсгүй хүний сүнс нь хорвоог нэгэнтээ орхиж эхээс төрсөн биеэ газарт, миний адуун зүчээнд орхиод одсон хүүр нь байсан юм. Харамсалтай нь би тэр бүсгүйг таниж байлаа, хэн бэ гэж үү? Амьдрал үнэхээр бүх зүйлээр баялаг юм даа, ялангуяа миний амьдрал хараал идсэн зовлонгоор дүүрэн юм. Гэхдээ бүсгүйн цогцосыг хараад миний айдас алга болж, миний зовлон ч алга болж, яг л бяцхан хүүхдэд чихэр өгөхөд баярладаг шиг тийм сэтгэгдэл хоромхон зуур төрөөд өнгөрснийг нуух юун билээ. Үнэхээр хэрцгий сонсогдож байгаа л байх би мэдэж байна, гэвч тэр бүсгүй бол миний өнөөдөр ирээдүйн бүх л амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн Донны маань хайртай бүсгүй байсан юм. Одоо намайг түүний үхсэнд баярласан сэтгэгдлийг та бага ч гэсэн ойлгох байх гэж бодож байна. Танд маш олон асуулт байгаа байх л даа, хэн бүсгүйг алав, Донн бүсгүй хоёрын талаар намайг хэрхэн мэдсэнийг, энэ түүх ер нь юуны тухай түүх вэ гээд л. Танд би бүгдийг нь ярих болно, үнэнээр нь нэг ч юм нэмэхгүй, нэг ч зүйл хасалгүй бүгдийг нь ярина. Би ганц л зүйлд баярлана миний энэ эмгэнэлт түүхийг тэвчээртэй унших гэж байгаа танд, магадгүй хэрэг болох хүндээ хэрэгтэй сургамж болж зовлон дүүрэн амьдралыг нь хөнгөвчилж өгвөл л баярлана. Ингээд түүхээ эхлэе...

Зуны үдэш байлаа, ер нь л хайр гэдэг зүйл зуныг дагаж ирдэг гэмээр хорвоогийн жам юмуу даа. Манайх гэдэг айл олон хүний амийг аварч, алтан гартай эмч Дэвид Грийний гэр бүлийнхэн гэдгээрээ тосгондоо хүндлүүлдэг, тааралдсан хүн болгон аавтай минь мэндлээд зөрдөг чинээлэг айлуудын нэг нь байсан юм. Намайг Шила Грийн, ээжийг минь Энни Грийн, гэрийн 2 үйлчлэгчтэй, миний хоёр дох ээж болох Венэсса болон түүний нөхөр Гералд бид тав томоохон эдлэн газарт амьдран суудаг байсан. Би багаасаа юм юмаар дутагдаж үзээгүй ёстой л нөгөө баян айлын эрх дураараа охин гэдэг нь байждээ. Бага нас минь сайхан аз жаргалтай өнгөрсөөн, эцэг эх минь намайг хайраар дутааж байсангүй, 18 насны төрсөн өдрөөр надад Цагаан сүүлтийг маань бэлэглэж билээ. Ёстой л нэг хагартлаа баярлаж, түүнтэйгээ өдөр бүрийг хамтдаа өнгөрөөдөг байлаа. Манай эдлэн газраас холгүйхэн ганц том модтой толгод байдаг нь миний өрөөний цонхоор байнга намайг урин дуудна. Цагаан сүүлтийгээ унаж очоод толгодын орой дээр гарж адуундаа хэдэн алим тавьж өгчихөөд л өнөөх сүрлэг том модыг налан суунгаа нар жаргахыг харахад бүх л зүйлээс тасарч, юу ч бодогдохгүй зөвхөн хорвоо ертөнцийн гоо үзэсгэлэнг бишэрч суудагсан. Яг л тэр өдрүүдийн нэг, юм бүхэн байдаг байрандаа, илүү ч үгүй дутуу ч үгүй, би байгаль эхтэйгээ мэндлэхээр дөнгөж очтол тэнд надаас өөр хэн нэгэн миний байрыг өөрийн болгочихсон, миний модыг налчихсан намайг ирж байгааг анзаарсан ч шинжгүй сууж байхыг харав. Дөхөж очоод ажваас энэ хавийнх биш бололтой, учир нь яг үнэнийг хэлэхэд биднээс зиндаа доогуур энгийн нэгэн айлын хааш яаш өмссөн хувцастай миний үеийн магадгүй хоёр гурван насаар ах тийм нэгэн залуу сууж байлаа. Тухайн үед би ч их ихэмсэг дураараа байж дээ, яг л миний ариун газрыг тэр нэг залуу бохирдуулчихсан юм шиг санагдаж түүнийг алга болгохыг хүсэж билээ. Түүнтэй юм ярихыг ч оролдсонгүй, буцаад л цагаан сүүлтийгээ хөтлөөд явахаар завдаж байтал “Ийм хурдан буцах гэж байгаа юм уу, би саад болчихсон уу” гэж өнөөх залуу бодвол надад л хандаж хэлж байгаа бололтой, өөр хэнд ч байхавдээ тэнд бид хоёр л байснаас хойш. Надад тэр залуу маш бүдүүлэг санагдаж, өөрийгөө юу гэж бодоод надтай ингэж хамаагүй харьцаж, хамгийн гол нь миний толгодыг булаан авч байгаад нь үнэхээр дургүй хүрч байсан ч, бүх уур бухимдлаа нуухыг хичээн эргэж хараад “Энд надад байх зай алга, дараа л буцаж ирий даа” гэхэд “Энэ том толгод дээр хоёрхон хүн багтахгүй гэдэгт итгэлтэй байна уу, за үнэхээр чамд тухгүй байгаа бол би явья даа, бодвол чи эндэхийн эзэн нь бололтой” гэж хэлээд босоход нь би түүн рүү эгцэлж харсан юм. Яг л тэр мөчөөс миний сайхан аз жаргалтай амьдрал дуусч, зовлон эхлэсэн гэлтэй, мэдээж тухайн үедээ бол би хэзээ ч тэгж бодож байгаагүй л дээ, өөрийгөө их л жаргалтай байна гэж бодож итгэж явсан, магадгүй тийм, магадгүй үгүй. Аан тийм би түүн рүү эргээд харсан, түүний харц гал дүрэлзэж цог бадарсан, маш их зориг залуу хүний эрч хүчийг ёстой л асаасан тийм л харц, гэвч тэнд нэг л ер бусын шаналал зовлон нуугдаж буй мэт. Гол нь түүний галтай харц миний сэтгэлийг булаав уу, эсвэл шаналсан харц нь булаачихав уу би үүнийг одоог хүртэл мэддэггүй юм. Ямар ч л байсан тэр залуу манай эндхийн чинээлэг амиа бодоцгоож өөрсддөө эрдсэн хэдээс тэс ондоо байсан нь миний сонирхлыг татаж надад яг л өндөр өндөр ургасан өвсөн дундаас нарны илчийг өөртөө шингээх гэж зүтгэж яваа бяцхан цэцэг шиг л санагдаж билээ.

4 comments:

  1. сайхан эхлэл байна..
    бичсэн болгон нь нүдэнд өнгөтөөр харагдаад л :P

    ReplyDelete
  2. Үнэхээр нүдэнд харагдтал дүрслэлтэй, сонирхолтой, орчин үе эсвэл дээр үеийн аль алиныг төсөөлүүлсэн сайхан өгүүлэг байнаа. Цаашаа гоё өрнөнө гэж итгэж байгаа шүү. Амжилт :*

    ReplyDelete
  3. like darsan ni 1r chi blog-oo amiluulsand, 2rt goy sonirholtoi um bichij bgaad, 3rt urgeljleliig ni huleeh ni saihan sanagdaad ter shuu...
    chinii uguulleg dandaa mgl hunii amidraliig haruuldag bsn ene udaa uur ertunts uur es janshil um shig sanagdaj bna... amjilt

    ReplyDelete
  4. Харин жоохон өөр юмаар оролды гэж бодлоо, гэхдээ гадаадын заншилыг мэдэхгүү болохоор алдах юм зөндөө гарах бхаа, уншжил байгаарай хэхэ данкэ гурваа

    ReplyDelete