Tuesday, February 21, 2012

Хаданд ургасан цэцэг - 2


Хаврын дунд сар шувууд дуулалдаад л, газар шороо мод зүлэг өнгө зүсээ авч, жилийн хамгийн гоё улирал эхлэхээр завдан хүн бүрт л өөрийгөө зарлах шиг бороог дагуулсаар манай тосгонд айлчлан ирсэн юм. Хэдхэн хормын өмнө миний амьдрал аз жаргалдаа умбаж байлаа. Би хайртай залуу Донныхоо гэргий болно, хөөрхөн хоёр хүүхэд төрүүлнэ хамгийн гоё гэр бүлийг босгож хамгийн сайн гэрийн эзэгтэй байна гээд л төлөвлөж байсан. Ердөө л дугтуйн доторх ганцхан зураг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг гэвэл та итгэх үү. Донн бид 2 Ариун загалмайн өмнө нэг нэгнээ үүрд хайрлаж, бүхий л зовлон жаргалын цагт хамт байхаа андгайлан бөгжөө солилцлоо. Өө Донн минь дээ би чамайгаа тийм их хайрласан байтал чи яаж ингэж хандаж чадна вээ. Би хаана нь өнгөцхөн харчихав, хаана алдаж, хэзээнээс сохорсон болохоороо энэ бүхнийг одоо л дөнгөж мэдэв ээ, ер нь мэдээгүйгээрээ л өнгөрчихсөн бол энэ түүх сайхан хайрын түүх байх байсан ч юм билүү, гэвч харамсалтай нь тийм биш юм даа. Донныг надад уух юм авчирахаар явсан хойгуур нэгэн үл таних зочин инээмсэглэн намайг чиглэн ирсэн юм. Би түүнийг хэн нэгний болзож буй бүсгүй юм байнадаа л гэж бодсон, учир нь бидний хуриман дээр үнэндээ миний зүс танихгүй маш олон хүмүүс ирцгээжээ. Улаан даашинзтай харц булаасан өнөөх бүсгүй “Баяр хүргье, бяцхан бэлэг!” гээд л нэгэн дугтуй гарт атгуулчихаад л олны дунд орон алга болсныг л санаж байна. Дугтуйг задлавал Донн болон саяын захидал өгөгч бүсгүй хоёрын нэг нэгнээ халуунаар тэвэрч, бүсгүйн харц яг л би Донныг хардаг шиг түүнд ууссан, Донны өнөөх галтай цогтой, гэвч ямар ч шаналал байхгүй аз жаргалаар бялхсан тийм л харц нь тэр хоёрыг яг л нэг бүхэл хүн болгох шиг тийм нэгэн зураг гарч ирэв. Зургийг хараад ухаан балартах шиг л болон эргүүлж нөгөө талыг харахад “Диана, сэтгэл зүрх минь үүрд чинийх байна, чинийх байсаар ч ирсэн, намайгаа хүлээгээрэй, чиний Донн” гээд он сар өдөр нь нэг жилийн өмнө гэдгийг зааж байлаа. Би Доннтой танилцаад, түүнийг хайрлаад 2 жил болж байна, гэтэл Донн, Диана хоёр нэг нэгнээ хайрлаад түүнээс ч олон жил болжээ. Гашуун ч юм даа зовлон гэдэг, үнэхээр гашуун юм. Гэхдээ энэ бүгдийг үргэлжлүүлэхээ түр азнаад Доннтой анх танилцаж байсан үе рүүгээ эргээд нэг очьё.

Аав минь надад “Миний охин аз жаргалтай байх ёстой, чи л аз жаргалтай биш байх юм бол надад энэ хорвоод амьдарсаны утга учир гэж үгүй болно шүү дээ” гэж байнга хэлдэг байж билээ. Хүссэн бүгдийг минь өгдөг, миний санаа бодлыг дэмжиж, өөрийгөө хайж олоход минь боломж олгон, намайг л аз жаргалтай байгааг харах нь л аавын минь амьдрал тэр чигтээ мэт. Бага байхдаа би их уйланхай хүүхэд байлаа, том жижиг хамаагүй таалагдахгүй л бол асуудал болгон дээр уйлаад л аавдаа гүйгээд очиход аав минь нэг л тухгүй болж маш их шаналж байгаа нь харагддагсан. Гэхдээ л түүнийгээ надаас нуун эрх Шилаг тайвшруулах аргаа яаж ийгээд л олдог байж билээ. Өсөж том болох тусмаа би улам л хатуужиж аавыгаа шаналгахгүйн тулд жижиг сажиг зүйлийг үл тоон хатуужилтай болж байсан, аавыгаа дахиж шаналгахгүй гэсэн дээ яаж ч байсан жаргалтай л байя гэж шийдсэн хэрэг. Гэхдээ аз жаргалтай байгаа дүр эсгэж байсан гэвэл худлаа, би үнэхээр л аз жаргалтай бага насыг өнгөрөөсөн. Би багаасаа л ээж аав хоёр шигээ гэр бүлийг босгоно гэж мөрөөдөж хүсдэгсэн. Амьдрал аз жаргалаар дүүрэн өнгөрөөж, нэг нэгнээ насан туршдаа хайрлаж болдгийн жишээ болсон хосууд. Ер нь их хэмжээний мөнгийг дагаж байнга муу зүйл орж ирдэг, тийм ч болохоор мөнгөтэй баян айл гэр бүл бат бөх байхаа больж эхнэр нь нөхрөө нөхөр нь эхнэрээ хуурах явдал манай тосгоноор бол байнга болдог асуудал. Хүүхнүүдийн хов жив гэж дуусах биш дээ, ээж дээр минь ирдэг найз хүүхнүүдийн ярьдаг л зүйл нь тэрний нөхөр тэрэнтэй явж гэнэ, тэрний эхнэр нөхрөө тэрэнтэй хуурч гээд л, жижигхэн тосгон болохоор хов жив газар авна гэдэг бол гэрлийн хурдаар л өнгөрдөг зүйл. Би аавдаа эрхэлж ээжээсээ эмээж явдаг охин байлаа. Ээж минь гэр бүлийн толгойлогч гэж хэлж болохоор, бүх зүйлийг л удирдан зохион байгуулж явдаг, аав минь ажлаа тарж орж ирээд л Шилагаа эрхлүүлэх л үүрэгтэй, гэхдээ тэр хоёрынхоо хамт байгааг харахад яг л нэг цогц уран зураг шиг, нэг нэгэндээ дэндүү тохирсон гэлтэй. Ээж минь аавыг ажлаас орж ирмэгц л өнөөх дарга шинжээсээ над шиг л жоохон охин болж хувирахыг нь харахаар өхөөрдмөөр ч юм шиг. Тэгээд л оройжин ээж бид хоёр аавыг булаацалдсаар өдөр хоногууд өнгөрчихөж дээ. Манай гэр бүлийн гишүүн гэж хэлж болохоор Венэсса Гералд хоёр ч бас маш сайн хүмүүс, аав ээж хоёрыг минь хүндэлж явдаг нь хөдөлгөөн бүрээс нь мэдрэгддэг байсан. Аав ээж хоёрыг байхгүй үед би хоёр дэх ээж Венэссатайгаа дээврийн өрөөнд хүүхэлдэйгээрээ тоглож, Венэсса миний хүүхэлдэйнүүдэд төрөл бүрийн хувцас оён, надад үлгэр уншиж өгөөд л, нэг ёсондоо дээврийн өрөө Венэсса бид хоёрын хаант улс байсан юм л даа хэхэ. Тэр хоёр бүх л зүйлийг хийдэг байлаа, аав ээжийн маань итгэлт түншүүд л гэсэн үг. Ээж хааяа “Бурхан надад ийм сайхан дөрвөн хүнийг заяадаг би дэндүү азтай хүн шүү” гээд л...

Их гэр амьтай байсан болохоор бусад шиг баян айлын хүүхдүүд ам булаацалдан томорцгоодог цугларалтанд нь очин тэдэн шиг эцэг эхийнхээ мөнгийг хаа хамаагүй үрж цацаад явахыг хүсдэггүй байсан юм. Гэхдээ мэдээж өөрийгөө бусдаас тусгаарлаж зожиг байлгахыг хүсээгүйдээ гэр бүлийн уулзалт, бараг л өдөр бүр болдог үдэшлэг, баячуудын өдөрлөгүүдэд нь долоо хоногт ганц очиж үзэгдээд өнгөрдөг, аав ээж маань намайг үдэшлэг рүү явж тосгоны охид залуустай нөхөрлүүлэхээр шахдаг байсан ч үнэхээр намайг дургүй байхад хүчлээд байдаггүй тэгсхийгээд хэлээд л орхицгооно. Надад тэнд байх нэг л хэцүү бачуурмаар болж, нэг нэгнээ ажиглаж, дүгнэж харсан харцан дундаас амьд гарах боломжгүй мэт санагдаж яг л амьдаараа шатаж буй мэт мэдрэмж төрдөг тул аль болох л хурдхан тэндээс гарахыг хичээнэ. Өнөөх л хэдэн залуус, өнөөх л хэдэн охидууд, нөгөө л хэдэн хатагтай ноёд, ээж аав маань ч тэдний дунд орохоороо өөр хүмүүс ялангуяа ээж минь танихгүй хүн болж хувирдагт нь би үнэхээр дургүй байсан юм. Яг л тийм үдшүүдийн нэг нь байлаа. Танхимд орж ирмэгц ёс юм шиг л Блүүмийн хоёр ихэр охин намайг олзолж аваад л хорвоогийн хамаг хов живээр намайг булж орхих нь тэр. “Эдди чамд дурлачихсан юм шиг байнаа, та хоёр яг тохирно, гэхдээ Эдди саяхан Жилээс салсан, цаадах чинь их шаналж байх шиг байна лээ зайлуул, гэхдээ яахавдээ нэг нэгэндээ дурласан хүмүүсийн дунд тэр шавар хаах эрхгүй тийм үү” гээд л дөнгөж сарын өмнө Жилийн үй зайгүй найзууд байсан хоёр охин надад одоо ийм юм ярихыг сонсоод дотор муухай оргиж зайл гээд л хэлчихмээр санагдана. Би тэнд удахыг хүссэнгүй аавдаа харимаар байгаагаа хэлээд түрүүлээд гараад явсан. Манайх тэндээс холгүй байдаг болохоор алхсаар гэртээ ирээд шууд л зүчээ рүү очиж Цагаан сүүлт дээ бүх юмаа ярьж тайвшрахаар оров. Гэтэл тэр тэнд байсангүй, би хашааны хаалгыг дахиад л дутуу хааж ээ. Түүнийгээ олохоор гараад байшингийхаа эргэн тойронд хайлаа байсангүй, өнөөх толгодын зүг хөлийн хурдаар гүйв. Тэнд л байх юм шиг санагдсан юм л даа. Нээрээ л холоос харахад Цагаан сүүлт маань мөн шиг сүүдэртэж харагдана, гэхдээ ганцаараа биш нэг хүнтэй, бүрэнхий болсон байсан тул хэн гэдгийг нь таньсангүй, Гералд юм болов уу л гэж таамаглаад шуудхан яваад очив. Харин тэр Гералд биш өнөөх толгодыг минь булаадаг залуу, ирээдүйн миний хайрт Донн цагаан сүүлттэй маань зогсож байлаа. Тэр өдөр үг дуугүй яваад л өгсөн болохоор дахиж тааралдсандаа бага зэрэг бантах ч шиг болж, “Адууг минь харж байсанд баярлалаа” гэж хэлээд Цагаан сүүлтийгээ дагуулан буцах гэтэл Донн “Надад дахиад уут дүүрэн алим байна, чиний морь чинь лав дуртайяа иднэ дээ, үнэхээр сайхан амьтан байна, надад түүнтэй танилцах боломж олго л доо, мөн хатагтай тантай ч бас” гэж асуугаад л их сэргэлэн хөгжилтэй харцаар надруу үгүй гэж хэлэх боломж өгөлгүй ширтсэн юмдаг. Би ч гэртээ ганцаараа байхыг хүссэнгүй, үлдэхээр шийдсэн маань амьдралд минь шинэ ертөнцийг нээж, Донныг миний зүрхэнд тун ч удалгүй бадамлан асах гэж байгаа хайрын галын цогийг зурна чинээ төсөөлөө ч үгүй явждээ. Тэгээд л хэдэн ч цаг суусан юм бүү мэд ямар ч байсан ганцхан цагаан сүүлтэд биш Доннд үдэшлэгний талаар тэр хүмүүсийн талаар хамаг бодлоо дургүй гэдгээ ярьчихсан сууж байснаа санаж байна. Үүл сарыг нөмрөн дөлгөөхнөөр хөвөөд л, бяцхан одод үе үе гялсхийх нь яг л нэг нэгнээсээ нуугдан тоглож буй мэт сэтгэлийг гижигдэн, намуухан салхилах салхины аясаар нааш цааш найгах өвсний шаагих чимээ чихэнд уянгалагаар эгшиглэж, Донн бид 2 сарыг ширтээд л Донн үе үе хөгжилтэй зүйл ярих нь миний сэтгэлийг тайвшруулан инээлгэж байсан үнэхээр мартагдашгүй сайхан тэр үдэш бидний ирээдүйдээ өнгөрөөх өч төчнөөн сайхан үдшүүдийн дөнгөж эхнийх нь байсныг би таамаглаа ч үгүй юм...

5 comments:

  1. Уншихад бүүр нэг нүдэнд харагдаад байх юмаа. гоё байна.

    ReplyDelete
  2. за уншааты байз

    ReplyDelete
  3. тэр Диана нь яаассс зивүүн ен
    тгд Дианаг хэн хөнөөв??
    морь н хайцан :P

    ReplyDelete
  4. vrgeljleliig tesen ydan xvleej bn shvv

    ReplyDelete