Monday, February 22, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 6 Тэр орой, би биш биз дээ...


Өнөөдөр 5н сарын 6ны өдөр.

Бүх болсон зүйлийг мартахад зориулагдсан өнгөрсөн 7 хоног. Гэртээ, гэрээс гаралгүй, өвчтэй гэж багшид хэлүүлэхийн тулд ээжээс үхэн хатан гуйн байж хичээлдээ явахгүй өнгөрөөсөн тэр дөрвөн хоног тэгэс ингэсгээд л дуусчихлаа. Төөгөөгийн гэрт очоод түүний зэрэглээ гэж хэлж болох хүнийг харснаас хойш дөрвөн хоног өнгөрсөн ч дөнгөж сая л болсон мэт ой дурсамжаас огт арчигдахгүй, яг л зурагдсан пянз шиг дахин дахин бодолд орж ирээд намайг зовооно. Тэр үнэхээр зэрэглээ байсан байх, хэрвээ тэр хаалгаар орсон бол яг замхраад алга болох тийм л зэрэглээ байсан байх гэж хичнээн бодсон ч үгүй гэсэн хариултыг чамд өгөе. Тэр хүн байсаан, хүнээр барахгүй бүүр бодит тэгээд зэрэглээ шиг ойртох бүрт холдон оддоггүй, харин ч ойртвол би очоод яг цээжинд нь тулан наалдахаар тийм л хүн. Гэхдээ алуулаад газарт цус нь дусалж байх ёстой тийм хүн биш, яг амьд хаанаас нь ч цус гараагүй, эв эрүүл сав саруул гэвч нүдэнд нь яг тэр хоёр бор нүдэнд нь маш том гунигийн цус хурсан тийм л нэгэн хүн байсан.

Хичээл хичээл хичээл сүүлийн хэдэн хоног ер нь би юу сурваа, юу үзчихвээ, шалгалт шүүлэг хаана байна аа. Харамсалтай нь шалгалтууд минь та бүхэнд зориулах анхаарал халамж миний зүгээс очихгүй л болов уу. Санаа зовж бодож тунгаах юм цаана чинь зөндөө байхад юун шалгалт байх билээ дээ. Өнөөдөр өглөө сэрүүлэг дуугарахаас өмнө сэрчихээд дуугарахыг нь хүлээн хэвтэж байв. Уламжлал ёсоор орилж эхлэхэд нь очиж унтраагаад босон, бодол болон суухдаа, дахиад нэг долоо, бүүр дахиад нэг, ер нь хичээлд явахаа болиод ажил хийгээд шууд л сургуулиас гарчих юмсан, юм бүхнээс зугтчих юмсан гэж бодох зуур, гэхдээ яаж?, хаанаас нь эхлэж? гэсэн асуултуудыг түм буман удаа өөртөө тавиад хариултыг ололгүй нэг л мэдэхнээ нойрмоглонгуй өөрийгөө толинд ширтэнгээ шүдээ угаан зогсох. Азгүй, арчаагүй Мөөжий өөрийгөө зоригжуулсаар ягаан цүнхээ дуртай дургүй үүрэн сургууль руу сажилахдаа өнөөдөр бүх юм зүгээр л, ямар ч адал явдалгүй, юу ч тохиолдохгүй, хүмүүс намайг тэнд байгааг огт анзааралгүй өнгөрөөсэй гэсээр яг л цагаан сараар зүг чигээ гаргахдаа залбиран “ум базар лалала” гээд уншдаг шиг амандаа дахин дахин тэр бүгдийг үглэсээр.. Маш удаан дуртай дургүй сажилсан болоод ч тэр үү эсвэл би их оройтож гэрээс гарсан уу ямартай ч тав арван минут хоцорч хичээлдээ ирсэн юмдаг.

Намайг яг орж ирэхэд багш ангид байхгүй байсан, багш байхгүй байсан болохоор хүүхдүүүд тэгж их шуугилдан, энд тэнд бөөн чимээ дэгдээдэг болсон юм болов уу эсвэл энэ өөр шалтгаантай юу гэж бодох зуур ангийн хойно хоёр хүүхэд зодолдож байгааг би удалгүй анзаарав. Охидын “больцгоогоочээ” гэж орилох зарим нэгэн хөвгүүдийн цус нь хөөрөн, нүдэнд нь цог асан зодооныг шимтэн үзэх, харин зарим нь салгах гэж голоор нь орох гэх мэт ёстой кино шиг л юм болж байх шиг. Би дөнгөж орж ирж байсан болохоор хэн хэнтэйгээ зодолдоод байгааг харж чадсангүй, харагдсан ч үгүй. Учир нь гол дүрүүдийг бучин авсан ангийн хүүхдүүд надад тийм боломж өгөхгүй байлаа. Би тэр үед яагаад ч юм баярлаад явчихаж билээ. Учир нь ийм зодоон боллоо гэхэд өнөөдөржингөө энэ зодоон сонины эхний нүүрний мэдээ байх болно, харин би биш. Тэгэхээр хэн ч намайг анзаарахгүй, би тайван амгалан өдрийг өнгөрөөх нь гэж хичнээн баярласан гээч. Гэхдээ тийм биш байсныг дуулгахад тун таагүй байна.

Яг надаас өмнөхөн орж ирсэн Хишигээ гэдэг охин юу болоод байгааг харчихаад нийлдэг хэд дээрээ очоод ярилцаж байхыг би сэмээрхэн сонсож амжив. “Хэн хэнтэйгээ яагаад зодолдоод байгаа юм бэ?” гэж милээн зовонгуй асуухад Солонго “Нөгөө шинээр ирсэн банди л олон юм ярьсан юм шиг байна лээ. Юу билээ дээ, танай ангиас найзынхаа үхэлд буруутай охиныг илчилсэн цагт явна ч гэсэн гэлүү, тэгсэн л Алтан загас босч ирээд л зодоон хийсэн гэх шиг болсон. Алтан загас өмөөрөх хүнээ ч олж ядаж дээ. Угаасаа л Мөөжий буруутай нь ойлгомжтой....” гэх мэтээр хэлж байхыг сонсоод газар сөхрөөд уначихмаар л санагдсан. Би хаалгаар хэн ч намайг анзаарч хараагүй байгаа дээр гараад явахаар хөдөлсөн ч багш өөдөөс ороод ирэхэд нь хөдөлгөөнгүй хөшиж орхичих нь тэр. Орж ирээд намайг нэг харснаа зодооныг харан чанга чанга орилиход хүүхдүүд сандарцгаан ширээ ширээ рүүгээ зүглэцгээж, үлдсэн хэд нь тэр хоёрыг салгаж чадав. Зодоон хийсэн хоёрыг самбарын өмнө гаргаж ирэх яг тэр үед л би нөгөө шинээр ирсэн зодоончийг тогтон ажиглавал, нөгөө хар саарал цамц, яг тэр Төөгөөгийн гэрийн хаалгыг онгойлгосон хүний хар саарал цамц, гэхдээ харц нь гунигтай ч гэлээ маш ширүүн хүйтэн, үзэн ядалт, уур хилэн шингэсэн харцтай тийм хүн зогсож байв. Тиймээ тэр Төөгөө биш байсан, би андуурсан байсан, тэр огтхон ч Төөгөө биш, гэхдээ маш адилхан, түүнтэй үнэхээр дэндүү адилхан тийм нэгэн банди байсан.

Өнөөдөр хичээлдээ ирснээр олж мэдсэн, миний тархинд эргэлдэн давтагдах бодлын пянзыг зогсоож өгсөн яг тэр агшин, маш ихээр тайвшрах шиг, бүрхсэн үүл замхраад ч явчих шиг санагдаж байсан юм. Гэхдээ яагаад тэр үхэлд буруутай охин гэж хэлсэн юм бол, тэр хүртэл намайг мэддэг гэж үү? Энэ ангийнхан түүнийг шилжиж ирэнгүүт л тэр тухай ярьсан гэж үү? Одоо намайг үзэн ядаж байгаа болов уу? гэх зэргийн асуултууд өнөө зогссон пянзыг дахиад ажилуулж эхлэх шиг. Алтан загас минь дээ, энэ ангид чи л ганцхан намайг гэх юм, гэхдээ ингэлээ гээд ямар ч нэмэргүй, чи л зовно, самбарын өмнө нүүр нүдгүй балбуулаад өнөөх том нүднийх нь доох нь талд маш том улайсан байхыг хараад дэндүү их өрөвдөв. Би гэтэл яаж ч чадахгүй, ядаж босоод түүний өмнөөс ганц үг дуугараад өмөөрч ч чадахгүй, дүлий дүмбэ, хараагүй сохор, хэлгүй чихгүй царайлаад ингээд л суух.

Багш шинээр ирсэн хүүхдээс яагаад зодоон хийсэн талаар асуусан, тэр хариулсан, би огт ойлгоогүй, яагаад ч юм тэр огт миний тухай яриагүй, тэгсэн хэрнээ яагаад түүний найзын үхэлд буруутай охиныг илчилнэ гэж ярьсан юм бол. Эсвэл буруу сонссон юм уу, би дахиад буруу юмаар толгойгоо гашилгаж байгаа юм болов уу. Тэр хэлэхдээ “Би найзынхаа өшөөг авах гэсэн юм. Тэр охиныг илчлэх гэсэн юм. Би найз руугаа хамгийн сүүлд залгаад ярихад, тэр үхсэн өдрийнх нь орой түүнтэй ярихад цаана нь нэг охин уйлаад орилж байсныг би сонссон. Тэгээд дараа залгая гээд утсаа салгасан. Би тэр охиныг яг энэ ангийнх байсан гэдгийг мэдэж байна, хэн бэ гэдгийг чинь ч гадарлаж байгаа, өөрийгөө цагдаа нарт хэлж миний найзын ясыг амраахгүй бол чамайг гэдгийг батласан цагтаа энэ ангиас чинь тонилоод өгнө.” Үзэн ядалт, уур хилэн шингэсэн хүйтэн харц, шазруун хоолойгоор яг энэ өгүүлбэрүүдийг хэлээд тэр дахиж юм хэлээгүй, чимээгүй болсон.

Хэнийг хэлээд байгааг ойлгоход миний өчүүхэн тархины хурд үнэхээр гүйцээгүй. Гэхдээ алуурчин энд байгаа, яг энэ дөрвөн хананы дунд, бидний дунд, би юу? би биш, эсвэл мянган удаа тийм гэвэл тийм болчихдог юм уу? Гэхдээ би уйлаагүй, би орилоогүй тэр орой, би биш биз дээ, би биш...

5 comments:

  1. өөөө алтан загас эрэгтэй байсымуу хахаха
    яагаад ч ии загасан шүлжилтээр үсээ сүлждэг том нүдтэй даруухан охин гэж бодооод байсы шд :P

    ReplyDelete
  2. хахаха за арай ч дээ :))

    ReplyDelete
  3. хммм энэ цуврал юм чэн өдөрөөс өдөрт сонирхолтой ч болоод байгаам шиг
    уншихаас залхуутай уйтгартай ч болоод байгаам шиг
    гихдээ энэ удаагын сериал дээр их жоохон өрнөл болсон юм шигээ хэхэ за мидкүү хоолоо идкээд гялс дуржигнуулцан болохоор тэгж байж ч магадгүй ххххх

    ReplyDelete
  4. Одоо ууласа 2 эсүүл 3 яваал дуусчнаа :)

    ReplyDelete
  5. Чимгээ л тэр өдөр Төгөлдөр Мөөжийтэй хамт явчихаар нь байж чадку дагаж яваад мань хоёрыг салсаны дараа очиж уйлж дуулааад араас нь чиргүүцэлдсэн юм байгааз...

    Эсвэл бүүр шал өөр, дуугай, хэний ч анхааралд өртдөггүй, бас нэг Төгөлдөрт дурлацан охин байгаа юм болов уу? Ангид нь орж харвал мэднэ дэээ xD

    ReplyDelete